Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгодог 116-р сургууль 2007 оноос өнөөдрийг хүртэл хичээлийн байрны нэг хэсгийг дотуур байрны зориулалтаар ашиглаж иржээ. Гэвч энэ нь дотуур байрны зориулалтай байр биш мөн тусгай хэрэгцээт хүүхдүүдийн наад захын амьдрах орчны шаардлага хангадаггүй, багтаамж хүрэлцээ муу зэрэг олон хүндрэлтэй асуудлууд байна.
Тус сургуульд 130 орчим харааны бэрхшээлтэй сурагч суралцдаг байна. Эдгээр сурагчдын 54 нь дотуур байранд амьдардаг. 116-р сургууль нь Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог ганц сургууль учраас хөдөө орон нутгийн хүүхдүүд байрлан суралцах зайлшгүй шаардлага үүсдэг. Мөн сургуулийн удирдлагын зүгээс нийслэл хотын алслагдсан дүүргүүдийн сурагчдыг дотуур байранд хамруулах хүсэлтэй байдаг. Гэвч дотуур байрны хүчин чадлаас хамаараад сурагч бүрийг дотуур байранд амьдруулах боломжгүй юм байна.
Нийслэлийн алслагдсан дүүрэгт амьдардаг сурагчид заавал асран хамгаалагчдын хараа хяналтад явах шаардлагатай байдаг. Тиймээс өдөрт олон удаа нийтийн тээврээр явах нь хүндрэлтэй байгааг сурагчид хэлсээр байна.
116-р сургууль нь өөрийн эзэмшлийн газаргүй учраас олон жилийн хугацаанд дотуур байрны асуудлыг шийдэж чадахгүй байгаа юм. Хэрэв газрын асуудал шийдэгдвэл үе шаттайгаар арга хэмжээ авна гэж Боловсролын ерөнхий газрын дарга хэлсэн юм.
Мөн тус сургуульд лифт, тэргэнцэртэй иргэнд зориулсан зам байдаггүй учраас багш ажилчид хуваарь гарган хүүхдийг зөөж хичээлд нь оруулдаг байна. Хэрэв дотуур байртай болбол тус сургууль 240 орчим сурагчид боловсрол олгох нөөц бололцоотой юм.