Соёлын бүтээлч сар “Монгол цам” тусгай үзэсгэлэнгээр эхэллээ

Соёлын яамны санаачлагаар жил бүрийн 11-р сарыг соёлын бүтээлч сар болгосон.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Соёлын бүтээлч сарын эхний долоо хоног соёлын өвийн долоо хоног байдаг. Өнгөрсөн жил “Хорин нэгэн дара эх”, “Ногоон дара эх”, “Цагаан дара эх” шүтээн бүтээлүүдийг анх удаа нэгэн чуулган болгож дэлгэн толилуулж байсан юм. Харин энэ жил Монгол цамыг онцолж Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд тусгай үзэсгэлэн дэлгэжээ.

Үзэсгэлэнд Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй XIX-XX зууны эхэн үеийн Их хүрээний нэртэй урчуудын бүтээсэн Цамын ёслолтой холбоотой хувцас хэрэглэл, зураг урлалын бүтээлүүдийг дэлгэсэн байна. Мөн Цамын дүр, дүрслэлийн талаарх судалгаа хийсэн Ардын зураач Ү.Ядамсүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дамдинсүрэн,  Ж.Лувсанжамц нарын судлаачдын судалбар зургууд тавигджээ. Цам нь нэг талаас шашны зан үйл боловч нөгөө талаас дүрслэх урлаг, бүжиг, жүжиг гэх мэт соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндсэн 12 салбарыг өөртөө шингээсэн байдгаараа онцлог байна.

Үзэсгэлэнгээр дамжуулан Монгол өв соёлыг олон нийтэд түгээн таниулах, сурталчлахаас гадна ирээдүйд хэрхэн, яаж хөгжүүлэх вэ? гэдэгт гол утга санаа нь агуулагдаж байгааг албаныхан хэлж байсан юм.

“Монгол цам” тусгай үзэсгэлэн 11-р сарын 6-ыг дуустал үргэлжилнэ.