Тасалгааны дундаж температураас доогуур буюу хүйтэн орчинд амьдрах нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар тайлбарлажээ

2020 онд Европ дахь 36 сая хүн орон гэрээ хангалттай хэмжээнд халааж чадаагүй буюу хүйтэн орчинд өвлийг даван туулсан талаар судлаачид мэдэгджээ. Тэгвэл шинжлэх ухааны судалгаагаар бага температурт ажиллаж амьдрах нь хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг бөгөөд үхэлд хүргэх аюултай гэдгийг эрдэмтэд тодорхойлжээ.

Олон улсын эрчим хүчний агентлагийн шинжээчдийн явуулсан судалгаанд дурдсанаар 2020 онд Европт 36 сая хүн орон гэрээ хангалттай хэмжээнд халааж чадаагүй буюу хүйтэн орчинд хүйтний улирлыг даван туулсан байна. Мөн АНУ-ын нийт хүн амын 16 хувь нь эрчим хүчний хямралд жил бүр өртдөг бөгөөд ядуурлын зэргийг тогтоосон шугамаас доод түвшний өрхүүд тус үзүүлэлтэд багтдаг байна. Түүнчлэн БНХАУ-ын нийт хүн амын 24 хувь нь эрчим хүчний хэрэгцээгээ хангалттай хэмжээнд авч чаддаггүй буюу тухайн иргэдийн амьдарч байгаа бүс нутагт цахилгаан эрчим хүчний хэрэглээг төрөөс нь зохицуулдаг байна. Эрчим хүчний үнийн өсөлт Европын хэрэглэгчдэд илүүтэйгээр дарамт учруулж байгаа талаар Өрнөдийн хэвлэл мэдээллийн байгууллагууд онцолж байгаа ч дэлхийн ядуу буурай улсын иргэд ачааны хүндийг үүрч байгааг шинжээчид онцолж байна.

Тэгвэл эрчим хүч, дулааны хангамжгүй байдал нь хүний эрүүл мэндэд хэрхэн хохирол учруулдаг талаар Английн Ливерпүүл хотын Нийгмийн эрүүл мэндийн төвийн судлаачид тайлбарлажээ. Шинжлэх ухааны судалгаагаар хүйтэн орчинд амьдрах нь хүмүүсийн булчинг чангаруулснаар хүч чадал нь амархан шавхагддаг болдог, авхаалж самбаа удааширдаг, амьсгалын замын өвчинд өртөмтгий болгодог, бага хэмд хүний судас нарийсдаг бөгөөд цус харвах суурь шалтгаан болдог байна. Түүнчлэн урт хугацаандаа ажлын бүтээмж, амьдралын боломжуудад сөргөөр нөлөөлдөг гэжээ.

Сүүлийн 9 жилийн хугацаанд өвлийн улиралд ихээр хүйтэрдэг улс орнуудад үе мөчний болон амьсгалын замын өвчний өвчлөл жил ирэх бүр нэмэгдсээр байгаа гэсэн байна. Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай орнуудын иргэд хүйтний улиралд олон давхар зузаан хувцас өмсдөг бөгөөд энэ нь хөдөлгөөний идэвхтэй байдалд нөлөөлж урт хугацаандаа үе мөчний өвчин үүсэх шалтгаан болдог байна.