Риши Сунак: Уур амьсгалын болон эрчим хүчний аюулгүй байдал зэрэгцэн оршиж байна

Их Британийн шинээр сонгогдсон Ерөнхий сайд Риши Сунак Египт улсад болж буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцож, илтгэл тавьсан байна. Тэрбээр уур амьсгалын болон эрчим хүчний аюулгүй байдал нь зэрэгцэн оршиж байгааг дурдаад дэлхийн удирдагчид энэ чиглэлд шуурхай арга хэмжээ авахыг уриалсан байна.

Риши Сунак Их Британийн Засгийн газар уур амьсгалын асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа төдийгүй жил бүр уг асуудлыг шийдвэрлэхэд 13 тэрбум ам.долларыг төсөвт суулгасан гэдгийг мэдэгдэлдээ онцолсон. Мөн 2025 оноос санхүүжилтийг 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхээр болсныг Риши Сунак онцоллоо.

Мөн тэрбээр “Путины эхлүүлсэн жигшүүрт дайны улмаас Дэлхий дахинд эрчим хүчний хямрал нүүрлэхэд ойрхон байгаа ч түүний эхлүүлсэн түрэмгийлэл уур амьсгалын өөрчлөлтийг удаашруулах шалтгаан биш” гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

Тэгвэл НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Манай гараг уур амьсгалын гамшгаас үүдэлтэй төгсгөл рүү хурдтайгаар ойртож байна. Энэ нь там хүрэх замд хурдаа нэмж байгаатай ижил” гэдгийг Дээд хэмжээний уулзалтын нээлтийн үеэр мэдэгдсэн байна.

Тэрбээр цааш хэлэхдээ “Ирээдүй хойч үеэ уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт нэрвэгдүүлэхгүйн тулд энэ арванд шуурхай арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай” байгааг анхааруулсан байна.