Монгол улсыг хоёр хөрштэй холбох өндөр ач холбогдол бүхий Улаанбаатар-Дархан чиглэлийн замын шинэчлэлийн ажил 2019 онд дуусаж, ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан. Гэвч санхүүжилт болоод цар тахлын нөхцөл байдлын улмаас замын ажил таван жил үргэлжилжээ. Энэ 5 жилийн хугацаанд 170 гаруй хүн амиа алдаж, 206 хүн хүндээр бэртэж гэмтсэн байна. Одоогийн байдлаар Дарханы замын дөрвөн эгнээ замын хоёр эгнээ нь ашиглалтад орсон ч замын зарим хэсэг хэдийнээ эвдрээд эхэлсэн талаар иргэд хэлсэн байна.
Улаанбаатар-Дарханы замын бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө зам эвдрэл ихтэй зорчиход хүндрэлтэй байсан. Гэвч 2018 онд хуучин замыг бүрэн хуулж сайжруулсан шороон замаар иргэдийг зорчуулж эхэлсэн. Гэвч одоо ашиглалтад орсон зам хуучнаасаа ялгаагүй гэж зарим иргэд үзэж байна.
Улаанбаатар-Дарханы замын бүтээн байгуулалтын явцад олон иргэд эд хөрөнгө болоод амь насаараа хохирсон. Замын ажлын 5 жилийн хугацаанд хүний эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж байгаа юм.
Улаанбаатар Дарханы замыг Европын Сэргээн босголт Хөгжлийн банк болон Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд барьж байгаа юм. 2019 онд замын бүтээн байгуулалтын таван хэсэг нийтдээ 219 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй байсан. Одоогийн байдлаар замын тендертэй холбоотойгоор холбогдох албан тушаалтнуудыг авлигатай тэмцэх газраас шалгаж эхлээд байгаа юм.