Япон улсын Эрүүл мэндийн нийгэмлэгээс тус улсад “Ковид-19”-ийн халдварын 8 дахь давлагаа эхэлснийг мэдэгджээ

Япон улсад “Ковид-19”-ийн халдварын 8 дахь давлагаа эхэлсэн талаар тус улсын Эрүүл мэндийн нийгэмлэгээс өнгөрсөн лхагва гарагт мэдээллээ. Япон улсад “Ковид-19”-ийн халдварын шинэ тохиолдлын тоо өнгөрсөн лхагва гарагт 106 мянгад хүрснээр хоёр хоног дараалан 100 мянгын босгыг давсан байна. Тэгвэл Хоккайдо, Нагано мужуудад урьд нь бүртгэгдэж байгаагүй хамгийн олон тохиолдол илэрсэн бол Токиод хоёр өдөр дараалан 10 мянгаас дээш хүнээс вирусийн халдвар илэрсэн байна.

“Бид нөхцөл байдлыг анхааралтай хянан ажиглаж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө чадах бүхнээ хийх болно” гэж Японы Ерөнхий сайд Кишида Фүмио мэдэгдсэн байна.

Япон улсын эрх баригчид өнгөрсөн 9-р сараас эхлэн вирусийн халдвартай холбоотой хязгаарлалтын дэглэмээ бүрэн цуцалж, хилээр нэвтрэх жуулчдын тоог нэмэгдүүлээд байсан . Тэгвэл ирэх сараас тус улсын бодлого тодорхойлогчид уг шийдвэрээ эргэн харах төлөвтэй байна. Учир нь хилийн чанадаас Япон улсад ирж буй иргэд вирусийн халдварыг хяналтдаа оруулахад хүндрэл учруулж байгаа гэж үзжээ.

Үүнээс гадна Японы Эзэн хааны гэр бүлийн гишүүд дундаас “Ковид-19”-ийн халдварын тохиолдол бүртгэгдсэн байн. Өдгөө 69 настай Японы Гүнж Хисако өнгөрсөн мягмар гаргаас эхлэн ханиалган, халуурч эхэлсэн бөгөөд шинжилгээгээр түүнээс “Ковид-19”-ийн халдвар илэрчээ.