Жо Байден АНУ-ын төлөөлөгчдийн танхимд Бүгд Найрамдах нам хяналтаа тогтоосон явдалд  баяр хүргэлээ

Цагаан ордны тэргүүн Жо Байден Конгрессын төлөөлөгчдийн танхим дахь Бүгд Найрамдах намын бүлгийн дарга Кевин Маккартид нам нь завсрын сонгуулиар олонхын суудал авсанд баяр хүргэжээ. Сүүлийн шинэчилсэн мэдээллээр Бүгд Найрамдах намын төлөөлөгчид Конгрессын танхимд 218 суудал авснаар дийлэнх олонх болсон бол Ардчилсан нам  208 суудлыг авчээ.

Ерөнхийлөгч Жо Байден хэлэхдээ “Төлөөлөгчдийн танхим дахь олонхын суудлын төлөөх тэмцэлд ялсан явдалд миний зүгээс Маккартид баяр хүргэж байна. Мөн миний бие Бүгд Найрамдах намын хууль тогтоогчидтой хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ. Тэгвэл төлөөлөгчдийн танхимын үлдсэн есөн суудлыг аль нам нь авах нь одоогоор тодорхойгүй байна. Жо Байдены намынхан сенатын танхимд 50 суудал авч, олонхын суудлаа хадгалсан. Харин Бүгд Найрамдах нам 49 суудал аваад байгаа юм.

Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч асан, Бүгд Найрамдах намын гишүүн Доналд Трамп 2024 онд явагдах Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ өнгөрсөн мягмар гарагт албан ёсоор зарласан байна. Түүний сонгуульд нэр дэвших эрхээ баталгаажуулах албан бичгийг Бүгд Найрамдах намын удирдлагууд сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байна. Харин одоогийн Ерөнхийлөгч Жо Байден ирэх сонгуульд дахин оролцоно гэдгээ хараахан зарлаагүй байгаа бөгөөд гэр бүлийн гишүүдийн байр суурийг харгалзан үзнэ гэдгээ мэдэгдсэн байна.