АНУ-ын Колорадо мужийн нэгэн шөнийн клубт зэвсэгт халдлага гарч, 5 хүн амиа алджээ

Орон нутгийн цагаар өнгөрсөн 12-ноос 13-нд шилжих шөнө АНУ-ын Колорадо мужийн Колорадо Спрингс хотын ижил хүйстнүүдийн шөнийн клубт 22 настай зэвсэгт этгээд гал нээсний улмаас 5 хүн амиа алдаж, 25 хүн шархадсан байна. Цагдаагийн алба хаагчид Андерсон Ли Олдрих хэмээх 22 настай эрэгтэйг сэжигтнээр татан баривчилжээ.

Гэмт этгээд хэрэг үйлдэх үеэр тус шөнийн клубээр үйлчлүүлж байсан хэсэг залуус үйлдлийг нь таслан зогсоосон нь илүү олон хүнийг халдлагад өртөхөөс сэргийлж чадсаныг хуулийн байгууллагаас мэдээлж байна. Халдлагыг тухайн этгээд нийгмийн цөөнхийг үзэн ядах сэдлээр үйлдсэн эсэхийг мөрдөн байцаагчид тодруулахаар ажиллаж байгаа юм байна.

Энэхүү золгүй явдалтай холбогдуулан Колорадо мужийн Амбан захирагч Жаред Полис эмгэнэл илэрхийлэн нийгмийн цөөнхийг хавчин гадуурхах үзлийг таслан зогсоох ёстой хэмээн мэдэгджээ. Жаред Полис 2018 онд тус мужийн Амбан захирагчаар сонгогдсон анхны ижил хүйстэн болж байжээ.

Мөн уг гэмт хэргийг үйлдсэн этгээд нь 2021 онд  олон нийтийн газар тэсрэх бөмбөг дэлбэлэхээр зэхэж байсныг цагдаагийн алба хаагчид таслан зогсоож байсан байна.

Зарим шархадсан хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа талаар тус мужийн Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байна.