Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд агаарын тээврийн үнийн асуудлыг зохицуулах шаардлагатай

Манай улсын аялал жуулчлалын салбар зөвхөн зуны улирлаар хязгаарлагдахгүйгээр жилийн дөрвөн улиралд тохирсон аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх боломжтой. Тэр дундаа өвөл болдоггүй, цас мөс үздэггүй орнуудаас жуулчин ирүүлэх менежмент нь цар тахлын улмаас зогсолтод ороод байсан аялал жуулчлалын салбарт томоохон түлхэц болно гэж салбарын төлөөллүүд үзэж байна.

Манай улсад өвлийн улиралд ирэх жуулчдын тоо жилд дунджаар 70-80 мянга байдаг гэсэн судалгаа бий. Гадаадаас ирж буй жуулчдын дийлэнх нь Монголын ахуй соёл болон байгалийн үзэсгэлэнд татагдан ирдэг байна. Гэвч манай улсад одоогоор өвлийн улиралд мөсний баяр, бүргэдийн тэмцээн зэрэг арга хэмжээнүүд л зохион байгуулагддаг. Тиймээс өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж, жуулчдад таниулан, сурталчлах шаардлагатай байна.

Өвлийн аялал жуулчлалыг олон улс ихээхэн анхаарч ажиллаж байна. Япон улс өвлийн халуун рашааны хөтөлбөр, Өмнөд Солонгос улс мөсөн хананы олон улсын тэмцээн, Норвеги улс хойд туйлын туяа харах, халим ажиглах, цаа буга унах, нохойн чарганы зэрэг олон сонирхолтой аяллын хөтөлбөрүүд байдаг. Манай улсын хувьд эдгээр нөөц боломж бий ч дэд бүтцийн асуудал хүндрэл болж байна. Өвлийн улиралд ажилладаг жуулчны бааз, амралтын газрууд цөөн. Үүнээс гадна агаарын тээврийн зардал өндөр байна.

Урин дулааны  цаг нь аялал жуулчлалын хамгийн таатай үе байдаг хэдий ч өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлснээр жуулчны улирлыг уртасгаж эдийн засгийн үр өгөөжөөс эхлээд энэ салбарын хөгжилд томоохон түлхэц болно.