Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхэд орчны хүртээмжгүй байдал хамгийн их хүндрэл болдог

Хөдөлмөр эрхлэх нь хүний үндсэн хэрэгцээг хангах хамгийн том эх үүсвэр юм. Гэтэл манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд үндсэн хэрэгцээгээ хангах энэхүү эх үүсвэрийг ашиглах буюу өөрийн боломж нөөцөд тааруулан хөдөлмөрлөх нөхцөл, хууль эрх зүйн орчин тун тааруу байгаа юм.

-Дэлхий дахинд нийт 1 тэрбум буюу дэлхийн хүн амын 15 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байна.

-Манай улсад нийт 106.169 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэж 2021 оны  судалгаагаар тогтоогджээ.

-Тэгвэл үүнээс 88.000 нь хөдөлмөрийн насны иргэд байгаа ч тэдгээрийн ердөө 30 хувь нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.

-2019 оны байдлаар холбогдох хуульд заасны дагуу 25 ба түүнээс дээш ажилтантай нийт ААНБ-ууд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулбал зохих нийт орон тооны 26.4 хувьд буюу 19.241 ХБИ-г ажиллуулж байна.

Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхэд орчны хүртээмжгүй байдал хамгийн их бэрхшээл болдог байна. Харааны бэрхшээлтэй иргэд замаар алхахад замын байгууламж, тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн стандарт зэрэг асуудал  тулгардаг. Тэгвэл шинээр орж ирж буй нийтийн тээврийн 10 хувьд хүртээмжтэй автобусыг оруулж ирэх, хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулж буй байгууллагад урамшуулал олгох зэргээр эрх зүйн орчин болоод хүртээмжийг сайжруулахаар ажиллаж байна. 

Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхэд эрх зүйн орчин дутмаг байна. Одоогоор манай улсад  25-аас дээш ажилтантай байгууллага нийт ажилтныхаа дөрвөөс доошгүй хувьд хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүнийг ажиллуулах заалт хөдөлмөрийн тухай хуульд бий. Мөн энэ оны нэгдүгээр сараас эхлэн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг нь дэмжвэл хөнгөлөлт эдлэхээр эрх зүйн зохицуулалтыг тусгажээ.

Зарим хөгжлийн бэрхшээлтэй иргэд удаан хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүйгээс үүдэж тухайн ажилдаа дасан зохицох, тогтвортой ажиллахад хүндрэл бэрхшээл үүсдэг. Тиймээс тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд зуучлахын өмнө сэтгэлзүйн бэлтгэл болон дадлагажуулах нь чухал байдаг байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг авч үзэхдээ аж ахуй нэгжийн үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийн орчин, халамж үйлчилгээ гэсэн цогц байдлаар авч үзэн зохицуулалт хийх шаардлагатай байна.