Манай улс өсвөр насныхны буюу 10-19 насны хүүхдийн амиа хорлолтоор дэлхийд эхний 5-т жагсдаг байна. Өсвөр насныхны гэмт хэрэгт холбогдож байгаа болоод хүчирхийлэлд өртөж байгаа байдал, дээрэлхэлд, гадуурхалд өртөж байгаа үзүүлэлтүүд өндөр байгаа юм. Тиймээс Ерөнхий боловсролын сургуулиуд дахь сэтгэл зүйчдийн оролцоо, хувь нэмэр маш их байх ёстой ч өнөөдрийн байдлаар энэ төрлийн мэргэжилтнүүд ховор байна.
- Улсын хэмжээнд 2020-2021 оны хичээлийн шинэ жилд ЕБС-д нийт 76 сэтгэл зүйч ажилласан байна. Харин 2021-2022 онд 151 сэтгэл зүйч, 2022-2023 он буюу энэ хичээлийн жилд багасаж 115 сэтгэл зүйч сэтгэл зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байна.
- ОУ-ын стандартаар нэг сэтгэл зүйч 1000-1500 хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ өгч ажиллах ёстой байдаг байна. Энэ нь 1 сэтгэл зүйч өдөрт 2 хүүхдэд зөвлөгөө өгнө гэсэн үг юм.
- Гэвч манай улс тархмал байршилтай тул тухайлбал, сумын сургуульд гэхэд л нэг сэтгэл зүйчид 500-600 хүүхэд ногдож байгаа бол хотын сургуульд нэг сэтгэл зүйчид 3000 хүүхэд ногдож байна.
- Сэтгэл зүйчээс зөвлөгөө авсан сурагчдын 74 хувьд нь гэр бүлийн шинжтэй ямар нэгэн сэтгэл зүйн дарамт учирсан байдаг нь судалгаагаар тогтоогджээ.
Ерөнхий боловсролын сургуульд боловсролын мэргэшсэн сэтгэл зүйчийг ажиллуулах тушаал гарсан. Үүний үр дүнд зарим сургуулийн сурагчдад олон эерэг үр дүн гарчээ. Тодруулбал, сэтгэлзүйн зөвлөгөөг хичээлийн хөтөлбөртөө тусгаж өгсөн байна. Бага ангийн хүүхдүүдэд “Ковид-19”-ийн цар тахалтай холбоотойгоор нийгэмших үйл явц удааширч, үзэл бодлоо илэрхийлэх тал дээр дутмаг байна. Мөн дэлгэцийн хамааралтай байдал их ажиглагджээ. Тиймээс бага ангийн хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулж картаар тоглох явцад нь сэтгэлзүйн мэдрэмжүүдийг илэрхийлэх, “Би чадна” гэх өөртөө итгэх итгэлийг орчноор нь дамжуулан олгож байна.
Дунд ангийн хүүхдүүдийн хувьд өөрийн мэдрэмж, хүсэл сонирхлыг илэрхийлэх хэрэгцээ ихээр үүсдэг нас юм. Үүнээс үүдэж харилцааны зөрчил ихээр ажиглагддаг байна. Иймээс мэдрэмжээ зөв илэрхийлэх, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх гэх мэт чадварыг зааж, зөвлөж байна. Мөн манай улсын хувьд хүүхдээ сайн байх ёстой, онц сурах ёстой гэж шууд тулгах асуудал их гардаг байна.
Ахлах ангийн хүүхдийн хувьд өөрийгөө бусадтай харьцуулах, өөрийгөө шүүмжлэх, голох асуудал их гардаг байна.
Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах нь ийнхүү үр дүнтэй байна. Мөн тухайн хүүхдэд асуудал тулгарахаас өмнө урьдчилан сэргийлэх нь чухал юм. Сэтгэл зүйч сурагч нартай тулж ажиллан, ганцаарчилсан зөвлөгөө өгдөг бол , эцэг эхчүүдийн зүгээс хүүхдэд тулгамдаж буй сэтгэл зүйн асуудалд анхаарах хэрэгтэй байгааг хэлж байсан юм.