Байгалийн түүхийн музейн хуучин барилгын ашиглалтын хугацаа дуусаж нийтэд үйлчлэх боломжгүй болсон тул 2013-2019 оны хооронд үйл ажиллагаагаа зогсоогоод байсан. Тэгвэл 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Засгийн газрын 281 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн төв музейтэй нэгдэн, хуучнаар Лениний музейн нэг, хоёрдугаар давхарт Палеонтологийн үзмэрүүдийг дэлгэн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Музейн барилгын ашигтай талбайг бүрэн ашиглах, нийтэд илүү олон үзмэр үзүүлэх зорилгоор 3-р давхарт нь урсгал засвар хийж, “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд шинэ дэглэлтээр үзмэрүүд дэлгэсэн байна.
Өнөөдрийн байдлаар байгалийн түүхийн музейд дэлхийд хосгүйд тооцогдох ховор Палеонтологийн олдворууд, солирууд, эрдэс баялаг ашигт малтмалын дээжис, хүний гараар бүтээсэн байгалийн өвийг төлөөлөх үнэт үзмэрүүд, биологийн олон янз байдлыг илтгэх амьтдын чихмэл зэрэг 13000 гаруй үзмэр хадгалагдаж байна. Эдгээрээс 30 гаруй хувь нь л танхимуудад дэлгэгджээ.
Мөн одоо дэлгэгдсэн үзмэрүүдийг нэмэх боломжтой ч барилгын орон зай хязгаарлагдмал байгаа гэдгийг хэлж байсан юм. Тэгвэл Монгол улсын засгийн газраас музейн стандартад нийцсэн орчин цагийн байгалийн түүхийн музей барих шийдвэр гарч Их тэнгэрийн аманд 6,6 га газарт 39000 м2 талбай бүхий барилгын ажлыг эхлүүлсэн байна. Энэ төсөл хэрэгжсэнээр Байгалийн түүхийн музей шинэ байранд орох юм байна.