Олон улсын хөрөнгийн биржүүдийн арилжаа хаагдах үед газрын тосны үнэ унажээ

Дэлхийн газрын тосны хамгийн том импортлогч улс БНХАУ-д “Ковид-19”-ийн халдвартай холбоотой хязгаарлалтын дэглэмийг эсэргүүцсэн жагсаал үргэлжилж байгаатай холбогдуулан газрын тосны эрэлт буурчээ. Улмаар даваа гарагт ОУ-ын хөрөнгийн биржүүдийн арилжаа хаагдах үед газрын тосны үнэ унасан байна. Брент маркийн газрын тосны үнэ өмнөх өдрийн үзүүлэлтээс 2 америк доллар буюу 3 хувиар унаж нэг торх нь 81 америк долларт хүрсэн байна.

Энэ нь энэ оны 1-р сараас хойших хамгийн сул үзүүлэлт болжээ. Мөн “Ви Ти Ай” маркийн газрын тосны үнэ 2 америк доллароор буурч нэг торх нь 74 америк долларт хүрсэн байна. Олон улсын жишиг хоёр маркийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоног дараалан буурч, өнгөрсөн долоо хоногт сүүлийн арван сарын доод үзүүлэлтэд хүрээд байсан юм. Энэ сарын эхний хагасын байдлаар газрын тосны үнэ Олон улсын хөрөнгийн биржүүдийн индексээр 2022 оны хамгийн сул үзүүлэлтэд хүрээд байгаа төдийгүй цаашид үнэ унах төлөвтэй байгаа шинжээчид мэдэгджээ. Мөн Хятадад “Ковид-19”-ийн халдварын тохиолдол нэмэгдэж, тус улсын Засгийн газраас халдвартай тэмцэхийн тулд хэрэгжүүлж байгаа хатуу хязгаарлалтын арга хэмжээнүүдийг эсэргүүцсэн жагсаал өрнөсөн нь газрын тосны эрэлт бууруулж байгааг “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Үүнээс гадна АНУ-ын стратегийн газрын тосны нөөц энэ сард 30 сая торхоор нэмэгдсэн нь эрэлтийг сулруулж байгаа гэжээ.