Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ

Даваа гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар Бээжин хотноо уулзсан бөгөөд талууд хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд улам хүчин чармайлт гаргаж, найрсаг, тогтвортой сайн хөршийн харилцааг суурь эрх ашгаа болгох амлалтыг өгчээ. “Олон улсын геополитикийн тогтворгүй, тодорхой бус байдал улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан Хятад Монголын хамтын нийгэмлэгийг байгуулж, хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийг өргөжүүлж, улмаар Монгол улсад илүү их үр өгөөжийг бий болгоход” Хятад улс бэлэн байгаа гэдгийг Ши Жиньпин уулзалтын үеэр цохон тэмдэглэжээ.

Монгол улсын эрх баригчид БНХАУ, ОХУ-тай гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгдөг гэж Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Бээжин хотноо уулзах үеэрээ мэдэгдлээ. Монгол улсын Ерөнхийлөгч БНХАУ-ын даргатай гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ярилцсан байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөвхөн гурван улсын хувьд төдийгүй бүс нутгийн хэмжээнд чухал ач холбогдолтой гэдэгтэй талууд санал нэгдсэн байна. Хоёр орны төрийн тэргүүн нар Монгол-Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, Бээжин, Улаанбаатарын хооронд харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохиролцжээ. "БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаатай байх нь Монгол улсын гадаад бодлогын нэн тэргүүний зорилт юм. Ялангуяа Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, дэлхий нийтийг хамарсан цар тахал үргэлжилж, шинэ сорилтууд тулгарч байгаа амаргүй энэ үед Монгол, Хятад хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх нь чухал” гэж Монгол улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн байна. Айлчлалын үеэр хоёр орны удирдагчид ирэх таван жилд худалдааны хэмжээг 20 тэрбум америк долларт хүргэх, Хятад руу Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Талууд мөн цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна. Мөн Ши Жиньпин "Бүс ба зам" санаачилга, "Хөгжлийн зам" санаачилга, "Дэлхийн хөгжлийн санаачилга" болон Монголын сэргэн мандалтын бодлого, Хятадын хоёр үе шаттай хөгжлийн стратеги болон Монгол улсын "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлого зэргийг уялдуулан хамтарч ажиллахыг МОНГОЛЫН эрх баригчдад уриалжээ. Тэрээр хоёр орны эрх бүхий байгууллагууд нягт хамтран ажиллаж, харилцаа холбооны шинэ сувгийг нээж, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг байгуулах ажлыг түргэвчлэх, үүнтэй холбоотой Монгол улсын холбогдох албаны ажлын хэсэг гурван улсыг холбосон байгалийн хийн хоолойн төслийн бүтээн байгуулалтыг шуурхай гүйцэтгэхийг уриалжээ.