Нийслэлд сурагчдын гэр, сургуулийн дундаж зай 2.7 км байна

11-р сарын 28-ны өдөр Нийслэлийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагыг цахимаар хичээллүүлэх шийдвэр гаргасан. Сурагчдыг цахимаар хичээллүүлсэн өдөр авто замын түгжрэл буурсан юм. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас харахад 4 км-ээс хол зайд суралцдаг 137 мянга гаруй сурагчид байгаа юм. Уг тоо баримтаас харахад хамран суралцах тойрогтоо суралцахгүй байх нь авто замын түгжрэлийг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болж байна.

Тэгвэл сургуулийн сургалтын чанар болоод орчноос хамаарч эцэг эхчүүд хүүхдээ хамран сургах тойргоос нь хол сургуульд сургадаг байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар сурагчдын гэрээс сургууль хүртэлх зай дунджаар 2.7 км байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд Ерөнхий боловсролын 290 гаруй сургууль байгаа юм. Тэгвэл Нийслэлийн Боловсролын газрын зүгээс өгсөн мэдээллээр тэдгээр сургуулийн 30 гаруй нь хамран суралцах тойргийн бус хүүхэд элсүүлэн суралцуулдаг байна.

Нийслэлийн ЕБС-ийн хүртээмж хийгээд сургалтын чанарын ялгаа нь замын түгжрэлийн нэгэн шалтгаан болж байна. Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээвэр, сургуулийн автобус, авто зогсоол зэрэг асуудлыг шийдвэрлэж хүүхдүүдийг хамрах сурах тойрогт сургах нь чухал байна.