Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтийг ирэх сарын 10-аас эхлэн хэрэгжүүлнэ

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг хөнгөлөх шийдвэрийг 11-р сарын 1-ний өдөр гаргасан боловч энэ сард хөнгөлөлтийг олгох боломжгүй гэдгийг холбогдох яамнаас мэдээлсэн юм. Улмаар иргэд өөрсдөө энэ сарын шөнийн цахилгааны төлбөрийг төлөх юм байна.  Тэгвэл шөнийн тарифын хөнгөлөлтийг ирэх сарын 10-аас эхлэн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэжээ.

Улсын төсвөөс эрчим хүчний салбарт 21.7 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлэхийн тулд 3,8 тэрбум төгрөгийг зарцуулах юм. Гэсэн хэдий ч Хууль Зүйн Дотоод хэргийн яам  энэ талын тогтоол, шийдвэрийг өнөөдрийг хүртэл албажуулаагүй. Тиймээс хэрэглэгч нар хөнгөлөлтөө эдэлж чадахгүй сарын хугацаа өнгөрчээ.

Манай улс эрчим хүчний хэрэглээний 20 хувийг импортоор хангадаг. Цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээ жилд 7-8 хувиар тогтмол өсөж байгаа бөгөөд төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний ачаалал 2021 онд 1387 мвт хүрсэн байна. Энэ нь цаашид жил бүр 100мвт орчмоор өсөж 1680 мвт хүрэх төлөвтэй байгаа юм. Цаашид эрчим хүчний хомсдол үүсэх болзошгүй нөхцөл байдал тулгарч байгааг салбарын төлөөллүүд хэлж байсан юм.

Энэ өвөл эрчим хүчний доголдолд өртөхгүйн тулд улс даяараа хэмнэлтийн горимд шилжих шаардлагатай байгааг холбогдох албаныхан хэлж байсан юм. Мөн төвийн бүсийн цахилгаан, эрчим хүчний өөрийн өртөг нэг квт цаг нь 242 төгрөг 11 мөнгө байдаг ч үүнийг 175 төгрөгөөр буюу алдагдалтай үнээр борлуулж байгаа юм. Үүнийг 20 гаруй хувиар нэмснээр өөрийн өртөг нь дунджаар 213 төгрөг болжээ.