БНХАУ-ын томоохон хотуудад хязгаарлалтын дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал үргэлжилж байна

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Өрөмч хотод хорио цээрийн дэглэм хэрэгжиж байх үеэр орон сууцны барилгад гал гарч, улмаар гэртээ түгжигдсэн 10 иргэн амиа алдсан нь тус улсын иргэдийн дургүйцлийг дээд цэгт хүргэсэн юм. Цар тахлын үеийн хязгаарлалтын чанга хатуу дэглэм хэрэгжиж байгаатай холбогдуулан гал сөнөөгчид тухайн барилга дотор байсан иргэдэд тусламж үзүүлээгүй төдийгүй галыг зөвхөн гадна талаас нь унтрааж байгаа дүрс бичлэг Хятадын цахим орчинд тарсан нь эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах гол шалтгаан болжээ.

Олон сая хүнийг гэрт нь түгжиж, эдийн засгийн хүнд нөхцөл байдалд хүргэж байгаа “Тэг ковид” бодлогыг хэрэгжүүлэгч Ши Жиньпинийг огцрохыг шаардсан иргэдийн жагсаал Хятад улс даяар өрнөж байна. Тус улсын аж үйлдвэрийн томоохон хот болох Гуанжоу хотод вирусийн халдварын шинээр илэрч байгаа тохиолдлын тоо нэмэгдсэний улмаас хорио цээрийн дэглэм тогтоосон ч хотын оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлэн гудамж талбайд цугласныг Өрнөдийн хэвлэлүүд шууд дамжуулжээ. Түүнчлэн Бээжин, Шанхай хотуудад иргэд цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч, хууль хүчнийхэн хүч хэрэглэн жагсагчдыг баривчилж эхэлсэн бөгөөд үүнийг шууд дамжуулж байсан гадаадын улсын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг мөн албадан хорьжээ. Тиймээс мягмар гарагт их Британийн Ерөнхий сайд Риши Сунак “BBC” агентлагийг сурвалжлагч, зураглаач нарыг хүчээр хорьсныг буруушааж хурдан суллахыг шаардсан байна.

Харин Хятад улсын эрх баригчид эсэргүүцлийн жагсаалыг “Хорлон сүйтгэх ажиллагаа” хэмээн тодорхойлж, шийдэмгий хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд байна. Цагдаагийн алба хаагчид жагсагчдыг баривчилж, зарим жагсагч иргэдийг эрэн сурвалж эхэлжээ. Хятадын цахим сүлжээнд эсэргүүцлийн жагсаалтай холбоотой нийтлэл бичсэн, дүрс бичлэг цацсан, сэтгэгдлээ хуваалцсан хүмүүсийг мөшгөж, байцаалт хүртэл авсан талаар Ройтер агентлаг уламжилжээ. Гэхдээ тус улсын иргэд олон бүлэг болон хуваагдаж жагсаалаа үргэлжлүүлж байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Мөн жагсагчид гартаа хоосон цаас барин, үг хэлж хашхиралгүйгээр гудамжинд зогсож байгаа нь тус улсад хүний эрхийн нөхцөл байдал хэрхэн хүндэрснийг илтгэж байна гэж ажиглагчид үзэж байна.

Тэгвэл БНХАУ-ын зарим хотын эрх баригчид Засгийн газрынхаа баримталж байгаа бодлогыг үл харгалзан хязгаарлалтын дэглэмээ сулруулж эхэлжээ. Тухайлбал, Шинжаан Уйгурын бүс нутгийн дийлэнх хотуудад иргэдийн зорчих хөдөлгөөнийг нээсэн бөгөөд тодорхой аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг хэсэгчлэн нээхийг зөвшөөрчээ. Мөн анх эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдсан Өрөмч хотын нийтийн болон агаарын тээврийн хөдөлгөөнийг сэргээж, вирусийн халдвар тархах эрсдэл бага бүсэд иргэдийг зорчихыг зөвшөөрчээ.