Иран улсын иргэн шигшээ баг нь ДАШТ-аас хасагдсаныг тэмдэглэж байгаад цагдаа нарт буудуулж амиа алджээ

Иран улсын иргэд ДАШТ-д оролцож буй хөлбөмбөгийн шигшээ баг нь АНУ-ын багт хожигдон тэмцээнээс хасагдсаныг тэмдэглэж байх үеэр 27 настай залуу цагдаа нарт буудуулж амиа алджээ. Тус улсын иргэд Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлогын улмаас хөлбөмбөгийн шигшээ баг нь амжилт үзүүлээгүй гэж үзсэн төдийгүй Ираны эрх баригчдын заналт дайсан гэж тодорхойлдог АНУ-ын шигшээ багт хожигдсон нь иргэдэд баяр баясал авчирсан ч энэ нь удаан үргэлжилсэнгүй гэж өрнөдийн хэвлэлүүд мэдээлжээ.

Мягмар гаргийн орой Ираны Бандар Анзали хотод Мехран Самак хэмээх 27 настай залуу Иран улсын хөлбөмбөгийн шигшээ баг нь АНУ-ын багт хожигдсонд баярласнаа илэрхийлэн машиныхаа дуут дохиог гудамжаар дуугарган явсан гэх шалтгаанаар Аюулгүй байдлын албаны цагдаа нарт толгойдоо буудуулан амиа алдсаныг Хүний эрхийн байгууллагууд болон Ираны шигшээ багийн нэрээ нууцалсан тамирчин Өрнөдийн хэвлэлд мэдээлжээ. Иран улсын иргэд хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчдадаа ДАШТ эхлэхээс өмнө Махса Амини хэмээх бүсгүйн үхэлтэй холбоотой эсэргүүцлийн жагсаалд нэгдэхийг уриалан тус тэмцээнд оролцохгүй байх санал тавьж байжээ. Хэдийгээр Ираны шигшээ багийн тамирчид ДАШТ-ий үеэр төрийн сүлд дууллаа эгшиглүүлэхээс татгалзаж эсэргүүцэгчидтэй эв санааны хувьд нэг байгаа гэдгээ илэрхийлсэн ч иргэд үзээгүй юм.

Ираны эрх баригчид АНУ-ын эсрэг бол чөтгөртэй эвсэхэд ч бэлэн гэдгээ хэдийн мэдэгдсэн бөгөөд АНУ-Ираны шигшээ багуудын тоглолт улстөржсөн үйл явдал болсныг ажиглагчид онцолж байна. Зарим нэрээ нууцалсан Ираны тамирчид тоглолт эхлэхээс өмнө Тегераны эрх баригчид утсаар холбогдож уг тоглолтод хожих юм бол их хэмжээний мөнгөн урамшуулал олгоно гэж амласнаас гадна Төрийн дууллаа эгшиглүүлэхгүй бол шийтгэл хүлээлгэнэ гэдгийг ч сануулсныг мэдээлжээ.

Өнгөрсөн 9-р сард 22 настай Махса Амини хэмээх бүсгүй учир битүүлгээр амиа алдсан нь Иран даяар иргэдийг Засгийн газрынхаа эсрэг босоход хүргээд байгаа юм. Одоог хүртэл үргэлжилж байгаа эсэргүүцлийн жагсаалын улмаас 600 гаруй хүн хуулийн байгууллагынхны гарт амиа алдсан бол 18 мянган жагсагч баривчлагдаад байна гэж Хүний Эрхийн Эмнести Интернешнл байгууллагаас мэдээлжээ.