АНУ-ын Пентагон сүүлийн гучин жилийн хугацаанд үйлдвэрлэсэн анхны стратегийн бөмбөгдөгч онгоцоо танилцуулжээ

АНУ-ын Батлан Хамгаалахын сайд Ллойд Остин 2027 онд хэрэглээнд нэвтрэх сүүлийн үеийн технологийн дэвшлийг ашигласан стратегийн бөмбөгдөгч онгоцоо танилцууллаа. 

Пентагон 2027 онд хэрэглээнд нэвтрэх АНУ-ын Батлан Хамгаалах салбарын хөгжилт, шинэчлэлийг төлөөлөх, цөмийн пуужин тээгч, стратегийн бөмбөгдөгч онгоцоо танилцууллаа. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын эрх баригчид Батлан Хамгаалах салбартаа үлэмж хэмжээний төсөв зарцуулж, дэвшилтэт технологи ашиглан нисэх хүчний салбараа бүрэн хэмжээнд шинэчилсэн байна. Тэгвэл АНУ Хятадын Батлан Хамгаалахын салбар үсрэнгүй хөгжиж байгаа энэ үед өөрийн давуу талаа харуулахын тулд шинэ стратегийн бөмбөгдөгч онгоцоо танилцуулсныг шинжээчид онцолжээ.

“Би-21” Раидер нэртэй шинэ онгоцыг Калифорни муж дахь “Нортроп Грумман” компанийн үйлдвэрт танилцуулах ёслол болсон байна. АНУ-ын агаарын зэвсэгт хүчин нэг бүр нь 700 сая америк долларын өртөг бүхий тус онгоцноос 100 ширхгийг захиалсан талаар пентагоны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. Энэхүү шинэ загварын онгоц нь нисгэгчгүйгээр буюу автомат жолоодлогын системээр тоноглогдсон бөгөөд ирээдүйд учрах эрсдэлийг бүрэн тооцоолсон гэж цэргийн мэргэжилтнүүд дүгнэжээ. Ердийн болон цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай тус онгоц нь өмнө нь тооцоолж байснаас хол зайд нислэг үйлдэх чадвартайгаас гадна нисэх үедээ агаарт шатахуунаа цэнэглэгдэх боломжтой байна. Энэ нь дэлхийн бөмбөрцгийг ч зогсолтгүй тойрон нисэх чадвартайг илтгэж байгаа гэжээ.

АНУ-ын Батлан Хамгаалахын сайд “Энэ онгоц нь манай улсын сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд зохион бүтээсэн анхны стратегийн бөмбөгдөгч онгоц. Үүнтэй эн зэрэгцэх бөмбөгдөгч онгоц одоогоор дэлхий дээр байхгүй. 50 жилийн хөгжүүлэлтийн явцад орчин үеийн агаарын довтолгооноос хамгаалах бүх төрлийн системд илрэхгүй байх бүх технологийг боловсруулж чадлаа” хэмээн цохон тэмдэглэжээ.