Манай улсын төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгүүдэд соронзон резонанст томографи буюу MRI аппарат ердөө 5 ширхэг байдаг юм байна. Тус аппаратын шинжилгээнд орох шаардлагатай иргэд хамгийн багадаа 10-аас дээш хоног хүлээх болдог байна. Эрүүл мэндийн байгууллагууд 24 цагаар ажилласан ч оочер дараалал нь дийлдэггүй гэж эмч мэргэжилтнүүд хэлж байна.
MRI аппаратын шинжилгээ нь соронзон орныг ашиглаж, эсийн төвшинд гарсан өөрчлөлтөөс үүссэн хүний биеийн соронзон чанарын хэлбэлзлийг бүртгэж дүрс болгон хөрвүүлдэг шинжилгээний арга юм. Иргэд энэхүү шинжилгээг хувийн эмнэлгүүдэд хийлгэвэл дунджаар 500 мянга орчим төгрөг болдог.харин улсын эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгдөөд 30-100 мянга орчим төгрөгт багтаан үйлчилгээ авах юм боломжтой юм байна. Тиймээс иргэд боломж бололцоондоо тааруулан улсын эмнэлгээс тааруулан улсын эмнэлгийг сонгон үйлчлүүлдэг.
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт энэхүү аппарат нь 2 ширхэг байдаг. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэг нь яаралтай өвчтөнд шинжилгээнд оруулахдаа цаг заалгүй үйлчилж байгаа бол бусад өвчтөнд төлөвлөгөөний дагуу цаг олгож байгаа юм. Тодруулбал, өвчтөн оны дараа аппаратад орох боломжтой.
Харин салбарын яамны зүгээс нийслэлийн эмнэлгүүдэд ашиглагдаж байгаа MRI аппаратууд хүртээмж хангалттай гэж үзэж байна. Мөн эмнэлгийн үйлчилгээний чанарт анхаарч бусад техник тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх шаардлагатай байгааг хэлсэн юм.
Тиймээс иргэдийн зүгээс улсын томоохон эмнэлгүүдэд MRI аппаратын тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ ажиллах хүчийг нэмэгдүүлж хурдан шуурхай хугацаанд шинжилгээнд хамрагдахыг хүсэж байсан юм.