БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Саудын Арабын хаан Салман Бин Абдель нар иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурав

Саудын Араб, БНХАУ “Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурсан байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр, гурван өдрийн айлчлал хийхээр нийслэл Эр-Рияд хотноо хүрэлцэн ирсэн БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман “Ямаме” ордонд хүлээн авч уулзсан байна.

Албан ёсны ёслол болсны дараа Ши Жиньпин Саудын Арабын хаан Салман Бин Абдель Азизтай уулзжээ. Уулзалтын үеэр Саудын Араб, БНХАУ-ын түүхэн найрамдлын хэлхээ холбоо, эдгээр харилцааг хоёр орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэн сайжруулах арга замын талаар ярилцсан байна. Энэ үеэр хаан Салман, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хоёр улсын хооронд “Иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээр”-т гарын үсэг зурсан байна. Энэ нь Саудын Арабын хэрэгжүүлж байгаа “Алсын хараа 2030” болон Хятад улсын “Бүс ба зам” санаачилгыг уялдуулан хамтран ажиллах талаар ярьж байна гэж албаны эх сурвалжууд мэдээлжээ.  Мөн хоёр улсын эрх баригчид эрчим хүчний эх үүсвэрийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх зорилгоор Саудын Арабын нутаг дэвсгэрт Хятадын аж ахуйн нэгжүүдийн бүс нутгийн төвийг байгуулахаар болсныг талууд цохон тэмдэглэжээ.