Шинжээчид АНУ-ын “Патриот” агаарын довтолгооноос хамгаалах системийн давуу талуудыг нэрлэжээ

Цагаан ордны эрх баригчид “Патриот” агаарын довтолгооноос хамгаалах системийг Украинд илгээх төлөвтэй байгаа талаараа мэдээлээд байгаа юм. Тэгвэл шинжээчид НАТО-ийн эвслийн цөөн улсад ашигладаг “Патриот” системийн давуу талуудыг нарийн тайлбарласныг “Ройтерс” агентлаг уламжилжээ.

АНУ-ын Украинд илгээхээр зэхэж байгаа газар-агаар ангиллын “Патриот” агаарын довтолгооноос хамгаалах систем нь 80 км хүртэлх зайд, 20 км болон түүнээс доош өндөрт байгаа объектуудыг устгах чадвартай байна. Мөн уг хөөргөх суурийг төрөл бүрийн пуужингаар цэнэглэх боломжтойг шинжээчид онцолжээ. Дэлгэрэнгүй тайлбарлавал хэрэв Украины агаарын орон зайн 80 км дотор гаднын биет тэр дундаа нисгэгчгүй сөнөөгч дрон болон пуужин халдсан тохиолдолд өндөр нарийвчлалтайгаар, байг алдахгүй байх магадлал 99 хувь буюу төгс оновчтой устгах чадвартай байна. Патриотын өөрийн сөнөөгч пуужингийн суурийг олон төрлийн пуужингийн цэнэглэж болдгоороо мөн давуу талтай. Дуунаас хурдан пуужинг устгах зориулалттай “Патриот” зэвсэг болон үүнийг дагалдах систем нь 125 хүртэлх байг нэг дор радарт илрүүлж, эхний ээлжид зургааг нь онилон устгах чадвартай байна. 

Энэхүү цогц зэвсгийн өөр нэг давуу тал нь зөвхөн нисэх онгоц, далавчит пуужин, дрон зэргийг устгахаас гадна баллистик пуужингийн довтолгоог зогсоох чадвартай байна. Энэ төрлийн пуужин нь Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчинд хамгийн их асуудал болоод байгаа юм. Ийм төрлийн пуужин нь газрын гадаргуугаар нисдэггүй, харин баллистик траекторийн дагуу дээшээ өргөгдөж, тэндээс бараг босоо чиглэлд маш хурдтайгаар бай руу тусдаг байна.

Украины эрчим хүчний дэд бүтцийн 50 орчим хувь нь ОХУ-ын пуужин болон нисгэгч сөнөөгч дронуудын дайралтад сүйдээд байгаатай холбогдуулан Киевийн удирдлагууд агаарын довтолгооноос хамгаалах өндөр үр дүнтэй систем илгээхийг өрнөдийн улсуудад уриалсаар байгаа юм. Тэгвэл нато-ийн эвслийн улсуудын ашигладаг агаарын довтолгооноос хамгаалах газар-агаар ангиллын “Патриот” системийг Украин улсад илгээх төлөвлөгөө боловсруулж байгаа талаар цагаан ордны албан тушаалтнууд Ройтерс агентлагт лхагва гарагт мэдээлжээ. Уг системийг Украинд илгээснээр дайны голомт болсон бүс нутгийн агаарын орон зайг хамгаалаад тогтохгүй Зүүн Европын улсууд руу пуужин тусахаас хамгаалах бүрэн боломжтой гэж ажиглагчид үзэж байна.