“Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээ нь УДЭТ-ын алтан үеийн уран бүтээлчдийн арга барилыг хойч үед таниулах зорилготой 
Улсын Драмын эрдмийн театр, Соёл урлагийн их сургууль хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн түүх, арга барилыг залуу үеийнхэнд таниулан, уламжлуулах зорилготой юм байна.

“Театрт хүн хүнийг бүтээж, амьдралын сайхнаас эхлээд бараан түүхүүдийг сийлэн, түүгээрээ ард иргэдэд соёл боловсрол, энэрэл хайр, уучлал, ариуслыг өгдөг учраас энэ газрыг “Ариун сүм” хэмээн нэрлэх болсон байх” хэмээн СГЗ, Гоо зүйн ухааны доктор С.Баясгалан хэлсэн байдаг.

Тэгвэл Монгол улсын “Ариун сүм” гэгдэх Улсын Драмын эрдмийн театрт их зохиолч С.Буяннэмэх, Арслан тайжийн дүрээр олноо алдаршсан МУГЖ А.Цэрэндэндэв, МУАЖ Д.Чимэд-Осор зэрэг алтан үеийн уран бүтээлчид ажиллаж байсан юм.

“Бид мартахгүй” арга хэмжээгээр уран бүтээлчдийн арга, туршлагыг таниулан сурталчлах эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. Хурлаар уран бүтээлчдийн хувь хүний намтар түүхийг дурсаж байгаа ч үүнд Монголын театр урлагийн 90 жилийн түүх агуулагдаж байгаа гэдгийг онцолсон юм.

Театрын уран бүтээлчид жүжгээр дамжуулан соён гэгээрүүлэх үүргийг гүйцэтгэж ирсэн гэдгийг үе үеийн судлаачид тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөн Улсын Драмын эрдмийн театр Монгол хэл соёлын дархлааг бүтээсэн гэдгийг Ардын багш, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор С.Дулам хэлсэн юм.

“Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг 2005 оноос уламжлал болгон зохион байгуулж иржээ. Энэ жилийн арга хэмжээгээр уран бүтээлчдийн онцлогийг таниулах 8 хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.