Харахад амьд мэт, эгдүү хүрэм мэдрэмжийг төрүүлэх эдгээр барималуудыг хүүхэлдэй урлаач Г.Бямбацэрэн урлажээ. Тэрбээр 2017 оноос хүүхэлдэй урлаж эхэлсэн байна.
Нэг хүүхэлдэйг урлахад хэмжээ, хийцнээсээ шалтгаалаад 5-10 хоног зарцуулагддаг бөгөөд санааг нь ихэвчлэн зүүднээсээ олдог байна.
Бүтээл бүрээрээ өөр өөр санааг илэрхийлхийг зорьдог тэрбээр эмэгтэй хүн бүх зүйлийн үндэс мэт санагддаг учир хүүхэлдэйгээ үргэлж дэгжин байдал, эгдүүтэй төрхөөр дүрсэлдэг гэж хэлж байлаа. Мөн санааг нь бүрэн илэрхийлхийн тулд деталь бүр дээр нарийн ажилладаг гэсэн юм. Урлаач хүүхэлдэйнийхээ гутал, хувцас, үс гэх мэт жижиг хэрэглэлийг өөрөө урладаг байна.
Манай улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн нэг илэрхийлэл болсон хүүхэлдэйн урлалын бүтээлүүдийг 12-р сарын 30-ныг дуустал монарти галлерейгаас үзэх боломжтой.