Түүхэн тэмдэглэлт тэгш ойд зориулсан “Чингис хааны мэндэлсний 860 жил” сэдэвт 6 нэрийн, 1 блок шуудангийн маркийг танилцуулах ёслол өнөөдөр зохион байгуулагдлаа. Эдгээр маркуудад Чингис хааны алтан зоос, Алтан гэрэгэ, Номын гэрэлт хөшөө, Есөн хөлт Их цагаан туг, Чингис хааны хөрөгтэй анхны марк, Чингис Хаан музей, Чингис хааны шинэ хөрөг тус тус дүрслэгдсэн байна.
“Чингис хааны мэндэлсний 860 жил” сэдэвт маркийг 198 улсад шуудангийн сүлжээгээр дамжин хүргэх боломжтой
Хамгийн анхны Чингис хааны сэдэвт 4 төрлийн маркийг 1962 оны 7-р сарын 20-нд гүйлгээнд гаргаж байжээ. Гэвч улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан гурав хоног худалдаанд гарсан байна. Тухайн үед Түүхийн ухааны доктор А.Пунцаг анхны хэвлэлийг худалдан авч хадгалсан байна.
Чингис хааны сэдэвт анхны 4 төрлийн маркийг 1962 оны 7-р сарын 20-нд гүйлгээнд гаргаж байжээ
Тэрбээр өнөөдрийг хүртэл Чингис хааны сэдэвт 35 нэр төрлийн 200 гаруй маркийг цуглуулсан байна. “Чингис хаан мэндэлсний 860 жил” сэдэвт 6 нэрийн маркийг танилцуулж, гүйлгээнд гаргах ёслолын хүрээнд Чингис хаан музейд Түүхийн ухааны доктор А.Пунцагийн цуглуулсан маркаар үзэсгэлэнг дэлгэжээ.