Иргэдийн санхүүгийн мэдлэг дутмаг байдлаас шалтгаалж мөнгө хүүлэгчид зээлийн хүүг өндөр тогтоож байна

Иргэд банк болоод банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахад олон бичиг баримт шаардаж цаг хугацаа их алддаг тул өдрийн зээл авах тохиолдол их байдаг байна. Мөнгө хүүлэгч нар иргэдийн санхүүгийн мэдлэг муутай байдлыг ашиглаж өндөр хүү тогтоон хохироох явдал нэмэгджээ.

Энэ төрлийн үйл ажиллагаа нь хувь хүнээс зээл авдаг учир хоёр тал харилцан тохиролцсоны үндсэнд хүүгээ тогтоож гэрээ байгуулдаг. Нэг сарын 10-30 хувийн хүүтэй зээл байхад зарим газар 40 хүртэлх хувийн хүүтэй зээл гаргаж байна. Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүст төр засгийн дэмжлэг бага учир хувь хүний өндөр хүүтэй зээл авдаг байна.

Хувь хүн тухайн үеийн эдийн засгийн орчны түвшинд тохироогүй хэт өндөр хүү тогтоон зээлдэгчид дарамт учруулж байгаа нь үндсэндээ гэмт хэргийн шинж чанартай үйлдэл. Харин банк, санхүүгийн байгууллагын хувьд зээлдэгчидтэй ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр хүүтэй зээл олгож, гэрээ байгуулж, хуулийн хүрээнд явж байгаа үйл ажиллагаа юм.

Тиймээс өндөр хүүтэй мөнгө зээлдэгч буюу мөнгө хүүлэгчдийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай байна. Мөнгө хүүлэлт гэх тодорхойлолтыг хуульд зааж, хүүгийн түвшнийг тогтоон өгөх шаардлагатай гэж хуульчид үзэж байна.