Дэлхийн сонгодог урлагийн урын санд томоохон байр суурийг эзэлдэг Цөмөөхэй бүжгэн жүжгийг улс орнууд шинэ жил, зул сарын баярын өмнөх өдрүүдэд мэргэжлийн театрын тайзнаа тоглодог. Монгол улсад анх 1982 онд “Шелкунчик” нэрээр үзэгчдэд хүрж байсан уг бүжгэн жүжгийг 2014 оноос Цөмөөхэй гэх албан ёсны нэртэйгээр, шинэ найруулгаар тоглож эхэлжээ. Тэгвэл энэ 12-р сард Цөмөөхэй бүжгэн жүжиг Д.Алтанхуягийн найруулгатайгаар найм дахь жилдээ Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт тоглогдох гэж байна.
Цөмөөхэй балет жил бүр өөр өөр найруулга, дэглэлтээр үзэгчдэд хүрдэг. Мөн дүр бүтээж байгаа уран бүтээлчид солигдож, шинэ залуу үеийнхэн болон хүүхдүүд балетын анхны гараагаа мэргэжлийн театрын тайзнаас эхлүүлдгээрээ онцлог байна. Үүний нэг жишээ нь Б.Анаргэрэл охин. Тэрбээр 7 настайдаа цөмөөхэй балетыг анх 2014 онд тавигдахад бяцхан хүүхэлдэйн дүрд тоглож байжээ. Үүнээс хойш жил бүрийн тоглолтод алгасалгүй оролцсоор энэ жил мэргэжлийн бүжигчний дайтай цасан ширхэгийн бүжгийг бүжиглэхээр болжээ.
Энэ жилийн тоглолтод 133 хүүхэд оролцож байгаа юм байна. Мөн “Шинэ балет”-ын залуу бүжигчид анх удаа Цөмөөхэй бүжгэн жүжигт тоглохоор болжээ. “Сайхан сэтгэл ямагт ялна” хэмээх итгэлийг өгөх зорилготой уг жүжиг нь мэргэжлийн бүжигчдийн ур чадварыг сорьдог байна.
Д.Алтанхуяг: Сонгодог урлаг Монгол улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн томоохон илэрхийлэл
Цөмөөхэй бүжгэн жүжиг нь зөвхөн балетын бус Монгол улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн нэг төлөөлөл гэдгийг найруулагч Д.Алтанхуяг хэлж байна.
Цөмөөхэй бүжгэн жүжиг 12-р сарын 25, 26, 27-ны өдрүүдэд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдох юм байна. Харин 2023 оны 1 дүгээр сард Япон улсад тоглохоор төлөвлөжээ.