Гадаадын нэг продакшн манай улсад зураг авалт хийхэд 10 саяас 270 сая хүртэлх төгрөгийн орлого оруулдаг
Кино урлагийн тухай хууль батлагдснаар олон улсын уран бүтээлчид Монгол улсын газар нутаг, онцгой байршилд зураг авалт хийх эрх зүйн орчин бүрдэж чаджээ. Ингэснээр кино салбарт төдийгүй манай улсын эдийн засагт ч эерэг нөлөө бий болж байгаа юм. Кино урлагийн зөвлөлөөс 8-р сарын 25-аас 12-р сар хүртэлх хугацаанд нийт 6 улс орны 9 компанид зураг авалтын зөвшөөрөл олгоод байна. Зөвхөн нэг компани л гэхэд хамгийн ихдээ манай улсад 270 хүртэлх сая төгрөгийн орлого оруулжээ.

2014 онд NETFLIX компанийн Марко Поло киноны зураг авалтыг Монгол улсад хийхээр судалсан ч техник төхөөрөмж, хууль эрх зүйн орчин дутагдалтай байснаас шалтгаалж Казахстан улсыг сонгож байжээ. Ингэснээр тухайн улсын эдийн засагт 26 сая америк доллар оруулсан байна. Тэгвэл манай улсын газар нутагт кино зураг авалт хийсэн гадны цөөнгүй уран бүтээл байдаг. Хамгийн тод жишээ нь Солонгосын алдарт цуврал Crush landing on you. Мөн сүүлд Harbin киноны хэсэг зураг авалтыг Монгол улсад хийсэн юм.

Энэ хоёр киноны уран бүтээлчид “SFM” продакшнтай харилцаж монгол улсад иржээ. “SFM” продакшын продюсерын хэлж байгаагаар гадны уран бүтээлчид монгол улсад зураг авалт хийх нь эдийн засгийн шууд болон шууд бус үр өгөөжтэй байна.

Монголд ирсэн продакшны уран бүтээлчид зочид буудалд байрлах, хоол хүнс авах гэх мэтээр улсын эдийн засагт шууд орлого оруулдаг. Харин Монгол улсын газар нутагт зураг авсан хэсэг олон нийтэд цацагдах үед манай улсыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэх шууд бус эерэг нөлөөтэй гэж үзэж байна.

8-р сараас 12-р сар хүртэлх хугацаанд 6 улсын 9 компани Монгол улсад кино зураг авалт хийх зөвшөөрөл авчээ

2022 оны 6-р сарын 20-нд Соёлын сайд Монгол улсын газар нутаг, онцгой байршилд кино зураг авалт хийх хүсэлтэй олон улсын уран бүтээлч, хуулийн этгээдэд зөвшөөрөл олгох тухай журмыг баталжээ. Үүнээс хойш 8-р сарын 25-нд Кино урлагийн зөвлөл байгуулагдаж өөрсдийн сайтаар болон биечлэн зөвшөөрөл олгож эхэлсэн байна. Ингэснээр өнөөдрийг хүртэлх хугацаанд 6 улсын 9 компанид кино зураг авах зөвшөөрөл олгожээ. Эдгээр 6 улсын нэг продакшн манай улсад зураг авалт хийхэд 10 саяас 270 сая хүртэлх төгрөгийн орлого оруулсан байна.

Өмнө нь хоёр улсын продакшнууд хоорондоо байгуулсан гэрээний дагуу зураг авалт хийдэг байсан бол кино урлагийн тухай хууль батлагдсанаар продакшнууд заавал кино урлагийн зөвлөлөөс зөвшөөрөл авдаг болсон байна. Ийнхүү хууль эрх зүйн таатай орчин бүрдэж, харилцаа холбоо сайжирч байгаа энэ цаг үед кино урлагийн зөвлөл гол холбогч гүүр болж байгаа гэж ойлгож болно. Тиймээс кино урлагийн зөвлөлийн гадаад орчинтой холбогдох гол харилцуур буюу вэб сайтыг хөгжүүлж, илүү идэвхтэй тогтмол ажиллагаатай болгох зүй ёсны шаардлага тулгарч байгааг дотоодын уран бүтээлчид хэлж байна.