БНХАУ-аас худалдан авч буй 100 автобус Эрээн-Замын-Үүд боомтод иржээ

2022 онд нийслэлийн нийтийн тээвэрт 100 автобус шинээр үйлчилгээнд явж эхэлсэн. Мөн тус онд шинээр 224 автобусны захиалга өгснөөс 100 автобус нь Эрээний хил дээр ирсэн байна. Хил гаалийн ямар нэг асуудал үүсэхгүй бол эдгээр автобусыг энэ сарын 10-ны өдөр гэхэд Улаанбаатар хотод оруулж ирж, 15-ны өдрөөс үйлчилгээнд явуулж эхэлнэ. Харин үлдсэн 124 автобусыг 2-р сард багтаан оруулж ирэхээр төлөвлөж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ. 

Өнгөрөгч 2022 оны хувьд 590 автобусыг шинээр захиалахаар төлөвлөсөн бөгөөд 80 гаруй тэрбум төгрөгийг зарцуулна гэсэн тооцоо судалгаа гаргаад байсан. Гэвч төсөвлөсөн 80 гаруй тэрбум төгрөг нь 590 автобус захиалахад хүрэхгүй мөнгө бөгөөд зөвхөн урьдчилгаа төлбөрт өгөх, бонд босгох зэргээр зохицуулалт хийж шинэ автобусны захиалгыг өгсөн талаараа холбогдох албаны зүгээс мэдэгдсэн юм. Мөн “Ковид”-19 цар тахал, дайны нөхцөл байдал зэргээс шалтгаалж санхүүгийн эх үүсвэр босгох ажил хугацаа алдсан байна. Тиймээс төлөвлөсөн 590 автобусны захиалга хэмжээндээ хүрээгүй байна.

Тэгвэл 2023 оны хувьд 300 гаруй автобус худалдаж авахаар төлөвлөсөн байна. Санхүүгийн эх үүсвэр нь Хот хариуцсан сайдын багцад багтжээ. Төрийн худалдан авалтаар хуучин автобус худалдаж авдаггүй бөгөөд БНХАУ-аас захиалсан автобус нь техникийн шаардлага хангасан, эрс тэс уур амьсгалтай манай улсад зохицсон, шинэ автобусыг захиалсан гэж мэдээллээ. 

Иргэдийн тухайд сургууль, цэцэрлэг амарсан ч урьдын адил өглөө оройдоо түгжирч, -30 хэмийн хүйтэнд олон цагаар автобус хүлээн зогсож байгаа талаараа хэлж байна. Тиймээс хурдан хугацаанд чанарын шаардлага хангасан автобусыг үйлчилгээнд явуулах шаардлагатайг хэлж байсан юм.

Нийслэлд 2024 он гэхэд нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 1400 гаруй автобус шинээр үйлчилгээнд явуулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнээс 2022 онд нийт 590 автобус оруулж ирэхээр төлөвлөсөн хэдий ч төлөвлөгөөндөө хараахан хүрч ажиллаж чадсангүй. Одоогоор нийтийн тээвэрт 970 гаруй автобус явж байгаа ба үүний 50 орчим хувь нь ашиглалтын хугацаа хэтэрсэн байна. Тиймээс 2024 он гэхэд нийтийн тээврийн парк шинэчлэлийг бүрэн хийж, төлөвлөсөн тоондоо хүргэх эсэх нь тодорхойгүй байна.