Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан технологийн шийдлүүд манай улсад 2010 оноос нэвтэрсэн байна. Эдгээр шийдлүүдийн нэг нь цахим брайл төхөөрөмжийн үйлчилгээ. Энэ үйлчилгээг улсын хэмжээнд ганц байгууллага хэрэгжүүлдэг нь Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан байна. Номын сангийн мэдээлэл технологийн ажилтан цахим брайл болон, дэйзи гэх хоёр төхөөрөмжийг үйлчилгээнд нэвтрүүлэх, хөгжүүлэх ажлыг санаачлан, номын сандаа анхлан нэвтрүүлжээ.
Зөөврийн компьютерт “Цахим брайл” төхөөрөмжөө холбон, ном болон бусад төрлийн мэдээ мэдээллийг авах боломжтой. Харин “Дэйзи” ном уншигч төхөөрөмжийн тусламжтайгаар хэвлэмэл ном уншиж буй мэт үг, үсэг, хуудас, бүлэг, гарчгаар нь уншин бичвэрээр нь хайлт хийх боломжийг бүрдүүлжээ. Уг технологийн шийдэл нь харааны бэрхшээлтэй иргэдэд тулгардаг асуудлыг шийдэхэд нөлөөлж байгаа ч хүртээмжийн хувьд дутагдалтай байгааг хэлж байна.
Олон улсын жишигт харааны бэрхшээлтэй иргэд сургуульд боловсрол эзэмшихээс гадна нийтийн номын сангийн үйлчилгээний тусламжтайгаар соёлын мэдлэг авах, хөгжих боломжтой байдаг. Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн зүгээс уг жишгийг Монголд хөгжүүлэхээр зорьж байгаа юм байна.