Хүүхэд залуусын Монгол хэл бичгийн мэдлэг сүүлийн үед муудаж байгаа нь Их Дээд сургуулийн элсэлтийн босго оноог багаар тогтоосонтой холбоотой гэж иргэд болоод багш сурган хүмүүжүүлэгчид үзэж байна. Зөвхөн босго оноо ч биш мөн бусад олон хүчин зүйл өнөөгийн залуусын Монгол хэлний хөгжилд нөлөөлж байна гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Төрийн болон хувийн хэвшлийн Их Дээд сургуулиуд Монгол хэл, уран зохиолын багшийн мэргэжил бэлтгэх ангийн босго оноог багаар тогтоосноор ихэнхдээ суурь мэдлэг чадвар тааруу залуус багш мэргэжлээр түлхүү бэлтгэгдэх болсон гэж иргэд болон зарим багш нарын төлөөлөл хэлж байна.
Нийслэл хотод ажиллаж байгаа Монгол хэлний багш нарын 70 орчим хувь нь Монгол улсын Боловсролын Их Сургуулийн төгсөгчид байна гэх албан бус судалгаа бий. Харин багш нарын ур чадвар зөвхөн босго онооноос шалтгаалдаггүй олон хүчин зүйлс нөлөөлдөг гэж холбогдох мэргэжилтэн тайлбарласан юм.Мөн сүүлийн жилүүдэд багшийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын Элсэлтийн Ерөнхий шалгалтын оноо эрс сайжирч оюутан элсүүлэх шаардлага нэмэгдсэн байна.
Ерөнхий Боловсролын сурагчдыг багаас нь эхлэн Монгол хэлээр зөв ярьж найруулан бичих дадалд суралцуулах нь чухал юм. Энэ нь дан ганц Монгол хэлний хичээлээр суралцагчийн мэдлэг чадварыг дээшлүүлэхээс илүүтэй бусад хичээл зааж байгаа багш нар өөрсдөө эх хэлээ төгс эзэмшсэн байх ёстой юм. Мөн цаашид багш нарын нийгмийн хамгааллыг сайжруулснаар дагаад ур чадвар нь дээшлэх боломжтой гэж мэргэжилтнүүд хэлж байсан юм.