Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа 430 гишүүн бүхий Ардын их хурал 76 хоногийн турш хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд шинэ Үндсэн хуулийг баталж байжээ.
Анхны үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр батлаж Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхтэй. Үүнээс хойш 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг хэлэлцэн баталж гаргасан. Өнөөдөр бид 1992 онд хэлэлцэж баталсан Үндсэн хуулийг дагаж, мөрддөг. Хуульд энэ өдрийг Монгол улсын хэмжээнд нийтээр тэмдэглэнэ хэмээн заасан байдаг. Харин иргэд шинэ Үндсэн хууль баталсан өдөр болон Үндсэн хуулийн талаар төдийлөн мэддэггүй байна.
Монгол улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй. Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр гэж судлаачид тодорхойлсон байдаг. Мөн Монгол улсын иргэний эрх, үүргийг хуульчилж Үндсэн хуульд заасан байдаг. Тиймээс иргэдэд хуулийн мэдлэгийг хүртээмжтэй хүргэснээр хууль зөрчсөн үйлдлийн дүнд бий болж болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах боломж бүрдэнэ гэдгийг Үндсэн хууль судлаачид онцолж байна.