Их Британийн эмнэлгийн Түргэн тусламжийн 25 мянган ажилтан ажил хаялт зарлажээ

Өнгөрсөн пүрэв гарагт Их Британийн эмнэлгийн түргэн тусламжийн 25 мянган ажилтан цалин хөлс, ажиллах хүчний хомсдол зэрэгт сэтгэл дундуур байгаа гэдгээ илэрхийлж ажил хаялт зарласан байна. Түргэн тусламжийн 24 мянга орчим эмч, сувилагч болон 1 мянга орчим жолооч, дуудлагын төвийн ажилтнууд ажил хаялтад нэгдсэн талаар Ройтерс агентлаг мэдээллэсэн байна.

Их Британийн эмч эмнэлгийн байгууллагуудын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос инфляцийн түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан цалингийн хэмжээг түүнтэй уялдуулан өсгөхийг шаардаж байна. Мөн ажиллах хүчний хомсдолын улмаас Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын ачаалал цар тахлын өмнөх үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдээд байгааг Үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд цохон тэмдэглэжээ.

Түүнчлэн ажил хаялт зарласан Түргэн тусламжийн төвийн ажилтнууд нэгдүгээр шатлалын буюу нэн шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ авах хэрэгцээтэй хүмүүст шуурхай үйлчилгээ үзүүлэх тохиролцоонд хүрсэн талаар Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн юм. Мөн тэрээр Засгийн газар шийдвэрлэх асуудлуудын нэн тэргүүнд Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхтэй холбоотой байгаа тухай мэдээллээ.

Гэхдээ эмнэлгийн шуурхай тусламж авч чадаагүй хэдэн мянган хүн ажил хаялттай холбогдуулан Засгийн газраасаа эрс шийдэмгий, шуурхай арга хэмжээ авахыг шаардсан байна. Их Британид Эрүүл мэндийн салбарын 50 хувийг Төр нь хариуцдаг бол үлдсэн 50 хувийг хувийн Эрүүл мэндийн даатгалын компаниуд хариуцдаг байна. Харин Төрийн мэдлийн Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд үргэлж доголдол гардаг төдийгүй цалин хангамж, ажлын ачаалалтай холбоотой маргаан үргэлж дэгдэж байдаг гэжээ.

Өнгөрсөн оны сүүлээр Их Британий төрөх эмнэлгийн эмч, сувилагчид мөн ажил хаялт зарлаж, цалин хангамжаа тодорхой хувиар нэмэгдүүлэх тохиролцоонд хүрснийг Эрүүл мэндийн сайд нь мэдээлж байсан юм.