76 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалтын бүртгэл эхэлжээ

 

76 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалтын бүртгэл зарлагдсан байна. Уг наадмын шалгаруулалтад Монгол улсаас албан ёсоор нэр дэвшиж байгаагүй ч арилжааны хэсэгт цөөнгүй уран бүтээл оролцож байжээ. Дэлхийн хамгийн нэр хүндтэйд тооцогддог энэхүү кино наадамд оролцох нь улсын эдийн засагт томоохон боломж бүрдүүлнэ гэдгийг кино судлаач хэлж байна.

Өнгөрсөн жилүүдэд каннын кино наадмын дэргэдэх “Marche Du Films” платформд Монгол улсын уран бүтээлчид оролцож иржээ. Тус платформ нь кино зах зээлийн хамгийн том арилжааны талбар бөгөөд 100 гаруй улсын 12 мянга гаруй мэргэжлийнхэн оролцож, шинэ, шилдэг кино төслүүдийг танилцуулж, зарах, худалдан авах ажил явагддаг байна. Тиймээс тус наадамд оролцох нь улс эх орны хувьд нийгэм эдийн засгийн томоохон боломж бүрдүүлдэг байна. 

2022 онд буюу 75 дахь удаагийн Каннын кино наадамд Монгол улсаас хүүхдийн киногоор анх удаа “Marche Du Films” буюу арилжааны хэсэгт оролцжээ. Ингэснээр олон улсын кино уран бүтээлчидтэй харилцах гарц нээгдсэн гэдгийг уран бүтээлч онцолж байсан юм.

76 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалтын бүртгэл 3-р сарын 16-ныг хүртэл явагдах юм байна. Оролцох бүтээлд тодорхой шаардлага тавьдаг бөгөөд Монгол уран бүтээлчид ихэвчлэн орчуулгын жижиг алдаа гаргадаг учир хянуур байхыг мэргэжилтэн зөвлөж байна. 

76 дахь удаагийн каннын олон улсын кино наадамд оролцоход улсаас дэмжлэг үзүүлнэ

76 дахь удаагийн Каннын кино наадам Франц улсад 5-р сарын 16-наас 23-ны хооронд зохион байгуулагдана. Монгол улсын Засгийн газраас 2022 онд гаргасан шийдвэрийн дагуу “Каннын кино наадам”-д Монгол уран бүтээлчид Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцох боломжтой болжээ.