Хүүхдийн мөнгийг нийт иргэдийн 91 хувьд олгож, үлдсэн 9 хувьд нь олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах эсэхээ е-mongolia болон e-halamj системээр дамжуулан шалгаж байгаа. Гэвч уг системд иргэдийн мэдээлэл алдаатай, зөрүүтэй байгаагаас үүдэн хороо дүүргүүдэд ачаалал нэмэгдсэн байна.
Иргэдийн мэдээлэлд алдаа гарч ам бүлийн тоо, хөрөнгө орлогын мэдээлэл зөрүүтэй гарсан. Иргэдийн гомдлоос шалтгаалан Үндэсний статистикийн хороо болон Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас зөрүүтэй мэдээллээ хороо дүүрэгтээ очиж засуулах боломжтой талаар мэдэгдсэн. Ингэснээр хороо дүүргүүдийн ачаалал энгийн өдрүүдээс 10-20 дахин нэмэгджээ.
Иргэд нэг цэгийн үйлчилгээнээс зөвхөн лавлагаа мэдээллээ аван харьяа хороо дүүргийнхээ бүртгэлийн ажилтан дээр очиж мэдээллээ засуулах боломжтой. Засуулсан тохиолдолд 1-р сард олгогдох байсан хүүхдийн мөнгийг 2 сард нөхөж олгоно. Засгийн газраас хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувь буюу нэг сая 139 мянган хүүхдэд олгоно гэж тооцоолсон. Эхний байдлаар 823 мянга 354 буюу нийт авах ёстой хүүхдийн 72 хувьд өчигдрөөс хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн байна.