Шинэ Зеланд улсын Ерөнхий сайд Жасинда Ардерн огцорно гэдгээ мэдэгджээ

Шинэ Зеланд улсын Ерөнхий сайд Жасинда Ардерн ирэх сарын эхээр албан тушаалаасаа огцорч, ирэх сонгуульд дахин нэр дэвшихгүй байхаар шийдсэн талаараа өнгөрсөн пүрэв гарат мэдэгджээ. Тус улсын дараагийн Ерөнхий сайд ирэх сарын эхээр тодрох бөгөөд Жасинда Ардерн өөрийн тэргүүлж байгаа Хөдөлмөрийн нам ээлжит Засгийн тэргүүнийг сонгох санал хураалтад ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байгаа талаараа ярьсан байна.

Тэрээр “Засгийн газрын тэргүүний үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэх хангалттай нөөц бололцоог өөрөөсөө олно гэж найдаж байсан ч чадсангүй. Уг алба тушаал нь асар их хариуцлага шаарддаг. Харин би өөрийнхөө чадварт эргэлзэж байгаа тул ийнхүү огцорч байна. Миний бие бүх хүч чадлаа дайчлан ажиллалаа” хэмээн мэдэгдэлдээ цохон тэмдэглэжээ.

Түүний Засаглалын он жилүүдэд Шинэ Зеланд цар тахлыг даван гарсан төдийгүй 2021 оныг хүртэл хязгаарлалтын хамгийн чанга дэглэмийг хэрэгжүүлж байсан юм. Мөн галт уул дэлбэрч 20 гаруй хүн амиа алдсанаас гадна тус улсад хэд хэдэн томоохон террорист халдлагууд гарсныг Олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд шууд дамжуулж байсан юм. Жасинда Ардерн 2017 онд 37 настайдаа Ерөнхий сайд болсон нь тухайн үедээ Дэлхийн хамгийн залуу Төр засгийн тэргүүнд тооцогдож байжээ.

Жасинда Ардерн Шинэ Зеландын Хөдөлмөрийн нам ирэх сонгуульд ялна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлснээс гадна тус Намын шинэ даргыг сонгох санал хураалт энэ сарын 22-ны өдөр болно гэдгийг нэмж мэдээлжээ. Тэгвэл Шинэ Зеландын Шадар сайд болон Сангийн сайдын албыг давхар хашиж байгаа Грант Робертсон Хөдөлмөрийн намын даргын албан тушаалд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ Ардерны мэдэгдлийг гарсны дараахан мэдэгдсэн байна.