Вьетнам улсын Ерөнхийлөгч огцорч, түр үүрэг гүйцэтгэгчийг томилов

Өнгөрсөн лхагва гарагт Вьетнам улсын Ерөнхийлөгч Суан Фүк албан тушаалаасаа огцрох гэнэтийн шийдвэр гаргаснаа олон нийтэд мэдээлсэн. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Засгийн газрын бүрэлдэхүүнд нь хамт ажиллаж байсан албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсон төдийгүй хуулийн байгууллагаас хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн нь дээрх шийдвэрийг гаргахад хүргэжээ. Суан Фүк 2016-2021 оны хооронд Вьетнам улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаад дараа нь буюу 2022 оны эхээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

Тус улсын Засгийн эрхийг барьж байгаа коммунист намын эрх баригчид авлига, хээл хахуулийн эсрэг дайн зарлаж, хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгджээ. Өнгөрсөн хугацаанд дөрвөн улс төрийн өндөр дээд албан тушаалтныг шийтгэсэн байна. Вьетнамын коммунист нам доторх залуу улс төрчид авлигын эсрэг кампанит ажлыг удирдан зохион байгуулж байна гэж шинжээчид үзжээ. Түүнчлэн тус намын удирдлагууд хаалттай хаалганы цаана асуудлаа шийдвэрлэдэг тул цаашид хэрхэх талаар зөвхөн таамаг дэвшүүлэхээс өөр аргагүй байгааг шинжээчид онцолжээ.

Харин өнгөрсөн пүрэв гарагт Вьетнам улсын Дэд ерөнхийлөгч Во Тхи Ань Суаныг Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тухай дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллээ. Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын 2013 онд шинэчлэн баталсан үндсэн хуульд тусгаснаар Ерөнхийлөгч нь тус улсыг дотоод, гадаад үйл ажиллагаанд төлөөлөх бөгөөд төрийн тэргүүний эзгүйд шийдвэр гаргах эрх мэдлийг нь Дэд ерөнхийлөгч гүйцэтгэхээр болжээ.