Сайжруулсан шахмал түлшний чанарт цаашид сайжруулалт хийх шаардлагагүй гэв

Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлснээр агаарын бохирдол 50 хувиар буурсан гэх судалгаа гарсан байна. Таван Толгой түлш компаниас агаарын бохирдлыг бууруулах зорилтоо бүрэн биелүүлж чадсан гэж мэдээллээ. Шахмал түлшний чанар байж болох хамгийн дээд чанарт хүрсэн тул цаашид сайжруулалт хийх шаардлагагүй гэж холбогдох албаныхан тайлбарлалаа. 

2019 оноос эхлэн сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн. Тухайн өвөлдөө агаарын бохирдол харьцангуй буурсан. Гэтэл дараа дараагийн өвлөөс нэмэгдэж эхэлсэн тэр дундаа энэ өвөл өмнөх жилүүдээс агаарын бохирдол өндөр түвшинд байна.

Шахмал түлшний шаталтаас гарах хүхэрлэг хийн стандарт хэмжээг 1200 мг нэгж эзлэхүүн байх ёстой гэж үздэг. Хүхэрлэг хийн хэмжээг бууруулах зорилгоор дотоодын нөөц бололцоогоо ашиглан шинээр барьцалдуулагч гаргасан. Уг барьцалдуулагчийг хэрэглэснээр хүхэрлэг хийг 2-3 дахин бууруулж 300-400 мг нэгж эзлэхүүнтэй болгосон байна. Түлшний чийглэг багасаж илч нэмэгдсэн зэрэг сайжруулалтыг хийсэн байна. Тиймээс цаашид шахмал түлшний чанар стандартад нэмэлт сайжруулалт шаардлагагүй гэж мэргэжилтнүүд мэдээллээ. 

Агаарын бохирдол дан шахмал түлшнээс шалтгаалахгүй олон хүчин зүйлс нөлөөлж байгааг холбогдох албаныхан хэлж байсан юм. Тухайлбал цаг агаарын нөхцөл байдал, газар нутгийн байрлал, гэр хорооллын айл өрхүүд түлш ашиглан хоол цайгаа хийдэг зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалдаг гэх тайлбарыг өглөө.