Олон ястны өлгий Ховд аймаг нь жил бүр баруун бүсийн аялал жуулчлалын хамгийн том арга хэмжээ болох “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярыг зохион байгуулдаг уламжлалтай. 9 дэх жилдээ зохион байгуулагдсан мөсний баяр нь Хар ус нуурын байгальд Захчин, Мянгад, Өөлд, Торгууд зэрэг 13 угсаатны соёл, биет болон биет бус өвийг таниулан сурталчилж, байгаль орчин, нэн ховордсон амьтдаа хайрлан хамгаалахад уриалдгаараа бусад мөсний баяраас ялгардаг байна. Мөн Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан өвлийн соёлын аялал жуулчлалын анхны наадам болж байгаагаараа онцлог байна.
Хар ус нуурын мөсний баярт олон угсаатны өв соёлын үзүүлбэр, угсаатан бүрийн эд өлгийн соёлыг таниулан сурталчлах гэрүүд, тоглоом наадгайн үзэсгэлэн, нар сүмбэ, мөсөн сурын харваа, мөсөн шагайн харваа, монгол хоточ нохойн танилцуулга, морин чарга, морь тэмээ тэшүүр зэрэг 8 үзвэр, үйлчилгээ, 4 тэмцээн зохион байгуулагджээ. Энэ жилийн мөсний баярт дотоодын аялагчид, гадна дотны зочид гэх мэт 20 мянга орчим хүн оролцсон байна.
Мөнгөлөг шагшуурга мөсний баярын хугацааг жил бүрийн нэгдүгээр сард Хар ус нуурын мөсний байдлаас шалтгаалж Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас товлодог байжээ. Харин энэ жилээс нэгдүгээр сарын 3 дахь долоо хоногт тогтмол зохион байгуулж байхаар тогтсон байна. Ингэснээр гадны жуулчдыг татах боломжтой гэж үзжээ. Мөсний баярын үеэр нуурын эргэн тойронд их хэмжээний хог хаягдал үүсгээгүй, мөсөн дээр машин гаргаагүй гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.