АНЭУ энэ онд БНСУ-д 30 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж Хөх ордны тэргүүн Юн Сок Ёль зарлажээ

БНСУ, АНЭУ-ын эрх баригчид эрчим хүч, зэр зэвсэг болон бусад салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх тухай харилцан ойлголцлын 13 санамж бичгийг мөн байгуулжээ. Хөх ордны тэргүүн Юн Сок Ёль энэ сарын 16-21-нийг хүртэл Арабын Нэгдсэн Эмират улсад тав хоногийн айлчлал хийсэн юм. Энэ үеэр АБУ-ДАБИ хот дахь Ерөнхийлөгчийн ордонд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл, АНЭУ-ын Ерөнхийлөгч Бин Заид Аль Нахайян нар дээрх баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна. Хөх ордны тэргүүний айлчлалын багт Өмнөд Солонгосын аж үйлдвэрийн томоохон компаниудын удирдлагууд хамт явсныг Ройтерс агентлаг онцолжээ.

Хөх ордны тэргүүн Юн Сок Ёль “Арабын Нэгдсэн Эмират улсын эрх баригчид аж үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байгаагаа илэрхийлж ирэх онд 30 тэрбум америк долларын хөрөнгө оруулалтыг Өмнөд Солонгост хийхээр болсныг” зарласан байна. Мөн хоёр улсын эрх баригчид, аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд хоёр улсын эрчим хүчний стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай хамтарсан тунхаглал болон газрын тосны нөөцийг хадгалах тухай хамтарсан хэлэлцээрийг байгуулжээ. Хэлэлцээрт тусгаснаар АНЭУ-ын төрийн өмчит “Abu Dhabi National Oil” компанийн газрын тосыг Өмнөд Солонгосын “Кorea National Oil” компанийн агуулахад хадгалах бөгөөд далайн тээвэр саатсан тохиолдолд Өмнөд Солонгосын эрчим хүчний аж ахуйн нэгжүүд тус агуулахаас газрын тосыг түргэн шуурхай худалдан авах боломжтой юм байна.

Харин 30 тэрбум америк долларын хөрөнгө оруулалтыг цөмийн эрчим хүч, Батлан хамгаалах салбар болон устөрөгч, нарны эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагаанд зарцуулна гэдгийг Юн Сок Ёль мэдэгдэлдээ цохон тэмдэглэсэн байна. Арабын Нэгдсэн Эмират болон Бүгд Найрамдах Солонгос улсууд нь түүхэн цаг үед дотно харилцаатай байсан нь хоёр орны улс төр, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан юм” гэж Арабын Нэгдсэн Эмират улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр цохон тэмдэглэжээ.