Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак автомашинаар зорчих үедээ хамгаалалтын бүс зүүгээгүйн улмаас торгуулжээ

Энэ сарын 21-ний өдөр Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак цахим хуудастаа нэгэн бичлэгийг оруулсан нь олны шүүмжлэлд өртсөн байна. Тэрээр автомашины арын суудалд зорчих үедээ хамгаалалтын бүс зүүгээгүй байгаа нь тухайн бичлэгт тод харагдаж байсан юм. Үүнтэй холбогдуулан Ланкашир хотын цагдаагийн алба ерөнхий сайд Риши Сунакт хамгаалалтын бүс зүүлгүй хөдөлгөөнд оролцсон гэх үндэслэлээр 600 америк долларын торгууль ногдуулсан байна.

Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак “Ланкашир хотын цагдаагийн албанаас Лондон хотын иргэн, 42 настай эрэгтэй замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс зүүгээгүй байсан тул шийтгэл ногдуулахаар прокурорт хандсан хэргийг” өөрөө үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Мөн тэрээр цагдаагийн албанаас ногдуулсан 600 америк доллартой тэнцэх хэмжээний торгуулийг хэдийн төлж барагдуулснаа мэдэгдсэнээс гадна энэ нь алдаа байсныг хүлээн зөвшөөрч, ард иргэдээсээ уучлалт гуйсан байна. Түүнчлэн Риши Сунак хамгаалалтын бүс зүүлгүй бичлэг хийх үедээ Ланкашир хотод зорчиж байснаа өөрөө анхлан хуулийн байгууллагад мэдээлсэн төдийгүй тухайн бүс нутгийн цагдаагийн албанаас түүнд торгуулийн хуудас илгээснээ мэдээлсэн байна.

Их Британийн хуулийн дагуу зорчигч замын хөдөлгөөнд оролцох үедээ тодорхой шалтгаангүйгээр хамгаалалтын бүс зүүгээгүй тохиолдолд 100-500 хүртэлх америк.доллартой тэнцэх хэмжээний торгуулиар шийтгүүлдэг байна. Мөн Риши Сунак торгуулийн мөнгийг өөрийн хувийн данснаасаа шилжүүлснийг эх сурвалжууд мэдээлжээ. Хуульд Засгийн газрын тэргүүний төлөвлөөгүй зардлыг Төр бүрэн хариуцна гэж тусгасан байдаг ч сүүлийн жилүүдэд Өрнөдийн улсын эрх баригчид эдгээр эрх ямбанаасаа татгалзах жишиг тогтоогоод удаж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан Их Британийн сөрөг хүчний намын гишүүн Кэт Смит “Хуулийн дээр хэн ч байдаггүй гэдгийг батлан харуулсан Ланкашир хотын цагдаагийн албаны ажилтнуудад талархаж байгаагаа илэрхийлж байна” хэмээн твиттер хуудастаа нийтэлжээ.