Замбараагүй үржлээс шалтгаалж олон нохой, муур хөлдөж үхэж байна

Иргэдийн хариуцлагагүй байдлаас шалтгаалж олон тооны нохой, муур өвлийн хүйтэнд хөлдөж байна. Цаашлаад нохой устгал, халдварт өвчин зэрэг тэжээвэр амьтны асуудал хөндөгддөг тул иргэдийг сэтгэл хөдлөлөөр тэжээвэр амьтан худалдаж авахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Нохой, муур нь жилд хамгийн багадаа 2 удаа үржилд ордог ба хамгийн багаар тооцож үзвэл жилд нэг нохой 10 болж өсөж үржинэ. Гэтэл нэг өрх жилд 10 гаруй нохой, муур тэжээх боломж төдийлөн байдаггүй учир өвлийн хүйтэнд гаргаж хаях асуудал их гардаг байна. Мөн сүүлийн жилүүдэд иргэд сэтгэлзүйн бэлтгэлгүйгээр амьтан худалдаж авч цаашлаад тэжээж чадахааргүй болж байгаа юм. Тиймээс нохой, муурын үржил зогсоох буюу спей болон заслагыг зайлшгүй хийх шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Мөн нохой, муурын үнэ хямд байдагтай холбоотойгоор эзэнгүй нохой, муурын тоо өсөж байна гэсэн юм. Үүлдэр, сортоос шалтгаалж нохой, муурын үнэ олон улсад янз бүрээр үнэлэгддэг. Гэвч манай улсад замбараагүй үржлээс шалтгаалж үнэ хямд байдаг тул янз бүрийн үүлдрийн нохой, муур нь гудамжинд тэнүүчлэн, эзэнгүй явж байна.

Жонон амьтны эмнэлэгт гэхэд л нэг өдөрт хөлдсөн муур, нохойны дунджаар 2-3 тохиолдол ирж байна. Энэ нь эздийн хариуцлагагүй байдал болоод замбараагүй үржлээс шалтгаалж байна гэдгийг малын эмч нар анхааруулж байна. 

Улсын хэмжээнд эзэнгүй нохой, муур албан бус тоогоор 320.000 орчим байдаг. Үүнээс жилд дунджаар 80-90 мянган эзэнгүй нохой, муурыг устгалд оруулдаг байна. Энэ жилийн хувьд гэхэд л нохой, муур устгалд 1.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Мөн нохой, муур устгалаас гадна  сэг зэмийг нь бүрэн цэвэрлэхэд ойролцоогоор 130 орчим сая төгрөг зарцуулдаг. Хэрэв сэг зэмийг устгаж чадахгүй бол хөрсний бохирдол, халдвар өвчин зэргийг үүсгэдэг байна.