“Алтан цуглуулбар-999” үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд нь Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй болон ахмад дипломатчид гадаад оронд элчин сайдаар суух хугацаандаа тухайн улс орнуудаасаа цуглуулсан ном шастир, судалгааны бүтээл, түүхэн сурвалжийн дээжис байна. Чингис хаан болоод Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох 19 орны 23 хэл дээрх ном бүтээлийг дэлгэжээ.
Үзэсгэлэн дэх 1000 гаруй ном бүтээлийн 80 хувь нь гадны эрдэмтэн, судлаач зохиолчдын бүтээл бол 20 хувь нь Монгол дээрх ном байна. Учир нь 1990 оноос өмнөх улс төрийн байдлаас шалтгаалж Чингис хааны талаарх ном, бүтээл манай улсын хэмжээнд цөөн байдаг байна.
Үзэсгэлэнд 1710 онд Франц хэлээр Парист хэвлэгдсэн Чингис хааны тухай ном тавигджээ. Дэлхийн олон улс тухайлбал Франц, Унгар, ОХУ, Австри, БНХАУ-д Чингис хааны тухай судладаг эрдэмтэд олон байдаг. Тэдний гол сурвалж нь Монголын нууц товчоо бөгөөд одоо ч бүрэн судлагдаагүй гэдгийг судлаач хэлж байна.
Үзэсгэлэнг үнэ төлбөргүйгээр Монголын үндэсний номын сангаас үзэх боломжтой бөгөөд энэ сарын 31-ныг дуустал үргэлжлэх юм байна.