Оросын иргэд Украины Днипро хотод амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаа зохион байгуулжээ

Энэ сарын 14-ний өдөр ОХУ-ын зэвсэгт хүчин Украины Днипро хотын орон сууцны барилга руу агаарын цохилт өгсний улмаас 46 энгийн номхон иргэн амиа алдаж, 80 гаруй хүн шархадсан байна. Тэгвэл уг золгүй явдалтай холбогдуулан ОХУ-ын иргэд хуулиар хориотой ч Украины амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагааг Москва, Санкт-Петербург хотуудад зохион байгуулжээ.

Даваа гарагт Москва хот дахь яруу найрагч Леся Украинкагийн хөшөөний дор хүмүүс дурсгалын зүйлс үлдээж, цэцэг өргөсөн байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр хуулийн байгууллагын албан хаагчид энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан 5 хүнийг баривчилсан ч амь үрэгсдийн дурсгалыг хүндэтгэх Орос иргэдийн цуваа тасрахгүй байжээ.

Санк-Петербург хот дахь яруу найрагч Тарас Шевченкогийн хөшөөний дор амь үрэгсдэд хүндэтгэл үзүүлж олон арван баглаа цэцгийг үлдээснийг хуулийн байгууллагын албан хаагчид хураан авсныг Ройтерс агентлаг шууд дамжуулжээ. Түүнчлэн хэдэн арван бага насны хүүхдүүд “Биднийг уучлаарай” хэмээн бичсэн зурагт хуудсыг гартаа барьж дурсгалд хүндэтгэлээ үзүүлсэн ч удалгүй цагдаа нар тараасан байна.