Хүүхдийн мөнгөн тэтгэмж нь эдийн засгийн  эргэлтэд эерэг нөлөөтэй

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн зардалд Монгол улс ДНБ-ээс 0.7 хувийг зарцуулж ирсэн ба тэтгэмжийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн ч улсын төсөвт дарамт болохгүй гэж НҮБ-ын судалгаагаар гарсан байна. Ядууралтай тэмцэх хамгийн үр дүнтэй аргуудад хүүхдийн мөнгөн тэтгэмжийн бодлого ордог байна.

Тус судалгаагаар:

  • Эстон, Франц, Унгар, Норвеги, Дани, Финланд, Швед зэрэг улсууд бүх хүүхдэдээ мөнгөн тэтгэмж ялгамжгүй олгодог. Ингэснээр ядуурал эрчимтэй буурсан бол
  • Өмнөд Африкт хүүхдэд мөнгөн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр нь нийгмийн хамгааллын системийн суурь нь бөгөөд тус хөтөлбөр хэрэгжсэнээр улсын нийт иргэдийн амьжиргааны түвшний ялгаа 68 хувиар буурчээ
  • Өндөр орлоготой улс орнууд бүх хүүхдэдээ мөнгөн тэтгэмж олгохыг зорьдог. Эдгээр улс орнуудыг харвал хүүхдийн ядуурлын түвшин дунджаас доогуур байна. Өөрөөр хэлбэл, хүүхдийн ядуурал хамгийн бага хэмжээтэй эхний 10 байрны 6-д нь өндөр орлоготой орнууд багтаж байна.
  • Өрхүүдэд олгож байгаа аливаа мөнгөн тэтгэмж эргээд эдийн засгийн эргэлтэд орж өсөлтийг нэмэгдүүлдэг. Судалгаагаар мөнгөн тэтгэмж хэлбэрээр өрхүүдэд олгосон 1 доллар  бүр эдийн засагт 1.3-2.5 доллар болж өсөн эргэлтэд ордог байна.

АНУ-д хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохдоо байрны зээл, лизинг, амьдарч буй орчин зэргийг харгалзан авч үзэн тооцдог. Мөн Швед, Герман зэрэг улсад тухайн оронд амьдарч буй гадаадын иргэдийн хүүхдэд хүртэл олгодог байна. Ер нь барууны орнууд хүүхдийн мөнгийг олгох нь тухайн улсын эдийн засгийг эргэлтэд оруулах эерэг нөлөөтэй гэж үздэг байна.

Мөн БНСУ энэ оноос эхлэн 1 нас хүртэлх настай хүүхэдтэй гэр бүлд сар бүр 700 мянган вон буюу 1.841.000 төгрөг, нэг настай хүүхэдтэй гэр бүлд 350 мянган вон 920.500 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байдаг. Энэ мэт олон улсын жишгээс авч үзвэл хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох нь тухайн хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжилд эерэг нөлөөтэйгөөс  гадна ядуурлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Дэлхийн ихэнх улс орнууд гэр бүлд ээлтэй бодлогуудыг хэрэгжүүлсээр байна. Тодруулбал, эцэг эхэд цалинтай амралт олгох, хүүхэд хөхүүлэх завсарлага олгох, хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох нь хүүхдийн амьдралыг сайнаар эхлүүлэх, улмаар эрүүл мэнд, боловсрол болон нийгмийн бусад хүчин зүйлд нөлөөлдөг.