Өнгөрөгч 2022 онд хорих ангиас суллагдсан 400 гаруй иргэн ажилд зуучлагджээ

Өнгөрөгч 2022 онд хорих ангиас суллагдсан 400 гаруй хоригдол ажилд зуучлагджээ.  Удаан хугацаанд ял эдэлсэн хүн хорих ангиас суллагдсаны дараа амьдрах таатай орчин нөхцөлөөр төдийлөн хангагдаж чаддаггүй байна. Тухайлбал ажлын байр олддоггүй, нийгмээс гадуурхагддаг зэрэг олон бэрхшээлүүдтэй тулгардаг байна

Хүний Эрхийн Үндэсний комиссоос хийсэн судалгаагаар манай улсын хууль хяналтын байгууллагууд хорих ангиас суллагдсан хүмүүстэй ажиллаж чаддаггүй тэднийг орхигдуулдаг гэж дүгнэгдсэн байна. Мөн зарим иргэд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж чаддаггүй учраас дахин гэмт хэрэг үйлдэх архинд орох зэрэг эрсдэлд өртдөг байна.

Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тусламжийг хорих ангиас суллагдсан өөрийн гэр оронгүй иргэнд олгоно гэж заасан байдаг. Гэвч зарим иргэд хуулиа мэдэхгүйгээс шалтгаалж уг тэтгэмжийг авч чаддаггүй байна. Харин холбогдох яамдын зүгээс хоригдлын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор ур чадвар олгох сургалтыг зохион байгуулж нийгэмших суурийг нь тавьдаг байна.

Дэлхийн бусад улс хорих бодлогоос татгалзаж хэрэг үйлдсэн этгээдийг албадан ажил эрхлүүлэх, зорчих эрхийг нь хязгаарлах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлдэг байна. Манай улс ч мөн адил энэ жишгийг халж  хорих ялыг аль болох эцсийн арга хэмжээ болгохгүй байх талаас анхаарах хэрэгтэй гэж хүний эрхийн байгууллагын төлөөллүүд хэлж байсан юм.