Г.Марал-Эрдэнэ 2019 онд Монгол улсаас анх удаа уран гулгалтын олон улсын тэмцээнд оролцжээ
Монголын тэшүүрийн холбоо, Япон улсын тэшүүрийн холбоотой хамтран Монгол  улсад анх удаа уран гулгалтын үзүүлэх тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Ингэснээр  уран гулгалтын спортыг Монгол улсад хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдгийг мэргэжлийнхэн онцолж байна.

Монгол улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Тал нутгийн мөсөн шоу” тоглолт зохион байгуулагдах бөгөөд Соёлын яам дэмжин ажиллаж байна. Тоглолтод хоёр улсын уран бүтээлчид оролцох бөгөөд дэлхийн хэмжээний уран гулгалтын нэрт тамирчин Хонго Рика, Монгол уран гулгагч Э.Марал-Эрдэнэтэй хамтарсан үзүүлбэр үзүүлэхээр бэлтгэжээ. Зөвхөн уран гулгалтаас гадна хоёр орны соёлын өвөрмөц шинжүүдийг агуулсан жүжигчилсэн тоглолт ч явагдана гэдгийг онцолж байна.

2019 онд ОХУ-д зохион байгуулагдсан Дэлхийн оюутны өвлийн спортын наадамд Монголын тамирчин Э.Марал-Эрдэнэ уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцож байжээ. Тэрбээр спортын энэ төрлөөр Монгол улсаас олон улсын тэмцээнд оролцсон анхны тамирчин болсон юм. Э.Марал-Эрдэнэ таван настайгаасаа Японд амьдарч 16 жилийн турш уран гулгалтын спортоор Япон багш, дасгалжуулагчийн удирдлага дор хичээллэж байна. Монголд энэ төрлийн спорт хөгжөөгүй, дэмжлэг тааруу учир эх орондоо төдийлөн ирж чаддаггүй байна. Гэсэн ч Монгол улсын нэрийн өмнөөс өнөөдрийг хүртэл олон улсын тэмцээнд оролцож иржээ. 

 

Г.Марал-Эрдэнэ   Уран гулгалтын тамирчин
Өнгөрсөн зун эх орондоо ирээд 50 гаруй хүүхдэд уран гулгалтын хичээл орсон. Тэдгээр хүүхдүүд уран гулгалтыг маш ихээр сонирхдог ч гэсэн манай улсад зааж өгөх мэргэжлийн багш хомс байдаг. Тиймээс миний хувьд хүүхдүүдэд энэ төрлийн  спортоор хичээллэх, суралцах боломжийг олгомоор байна. “Тал нутгийн мөсөн шоу” тоглолт нь цаашид уран гулгалтад дуртай олон хүүхэд залуусыг суралцах боломжоор хангах суурь эхлэл болоосой гэж хүсч байна.

 

Уран гулгалт цэвэр спортын төрлөөс гадна соёл урлаг, гоо зүйн өгүүлэмжийг агуулдаг.  Тиймээс зохион байгуулагчдын зүгээс хүүхэд залууст таниулах, хөгжүүлэх, цаашлаад дэлхийд Монгол уран гулгалтыг сурталчлах зорилго тавьжээ.