Афганистанд цаг агаар хэт хүйтэрсний улмаас 160 гаруй хүн амиа алдаж, 6 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэжээ

Афганистан улсад сүүлийн 10 гаруй жилийн хамгийн хүнд өвөл тохиож цаг агаар цочир хүйтэрсний улмаас 160 гаруй хүн осгох, мөн бусад шалтгаанаар амиа алдсан талаар эрх баригчид нь пүрэв гарагт мэдээлжээ. Цаг агаар богино хугацаанд цочир хүйтэрсэн бөгөөд Афганистаны айл өрхүүд мод, түлээ, нүүрсээ бэлтгэж амжаагүй тул хуванцар эдлэл шатааж дулаацаж байгаа талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.

Цас их хэмжээгээр орсон тул олон газарт зам харилцаа боогдож, аврах ажиллагаанд цэргийн нисдэг тэрэг ашиглаж байгаа ч алслагдсан уулархаг бүсэд газардаж чадахгүй байна. Хүйтэнд амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь эмнэлгийн тусламж авах боломжгүй, алслагдсан бөглүү газар амьдардаг малчид байжээ байсан гэж холбогдох албанаас мэдээлсэн байна.

Тус улсын Засгийн эрхэнд гарсан Талибанчууд эмэгтэйчүүдийг Төрийн бус байгууллагад ажиллахыг нь хориглосноос болж тусламжийн олон агентлаг үйл ажиллагаагаа зогсоосон юм. Талибанчууд энэ шийдвэрээ цуцлах боломжгүй тул Олон улсын нийгэмлэгүүдийг Исламын соёлыг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн байр сууриа илэрхийлжээ.

Ийнхүү Олон улсын сайн дурын байгууллагуудын тусламж зогссоноос гадна цаг агаар цочир хүйтэрсний улмаас Хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа доголдож хүнсний хомсдол нүүрлэж эхэлсэн байна. НҮБ-аас мэдээлснээр зургаан сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюултай байгааг анхааруулсан байна.

Энэ өвөл тус улсад сүүлийн арван жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөлд тооцогдож байгаа юм. Афганистаны зарим хэсэгт зуд болж 120 мянган мал хорогдсон төдийгүй агаарын температур сүүлийн долоо хоногт үргэлжлэн цельсийн -34 хэмийг давсан байна.