“META” компани АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трампын “Facebook”, “Instagram” хаягуудыг сэргээхээр болжээ

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын “Facebook”, “Instagram” хаягуудыг хоёр жилийн дараа сэргээхээр болсноо “META” компанийн удирдлагууд лхагва гарагт мэдэгдсэн байна. 2021 оны эхээр АНУ-ын Капитолын ордонд гарсан үймээнтэй холбогдуулан Доналд Трампын цахим сүлжээн дэх хаягийг тодорхойгүй хугацаагаар хаагаад байсан юм. Түүний хаягийг ирэх долоо хоногт сэргээх бөгөөд олон нийт улстөрчдийн үзэл бодол, хэлэх үгийг сонсож, унших боломж нээлттэй байх ёстой гэж “META” компаниас нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.

2021 онд АНУ-ын Капитолын ордон руу хүчээр нэвтэрсэн жагсагчдыг сайшааж, үймээн самуун руу турхирсан гэх шалтгаанаар Доналд Трампын нийгмийн сүлжээн дэх хаягуудыг хааж байсан юм. Харин одоо Доналд Трампыг олон нийтийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулахаа больсон гэсэн дүгнэлтэд хүрчээ. Гэхдээ ийм төрлийн зөрчил давтан үйлдсэн тохиолдолд өндөр шийтгэл ногдуулахаа “META” компанийн удирдлагын багаас Доналд Трампад анхааруулсан байна.

Трамп ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж байгаатай холбоотойгоор Бүгд Найрамдах намын гишүүд түүний “Facebook” хаягийг сэргээхийг шаардсаар байсан юм. Мөн Твиттер компанийн удирдлагууд Доналд Трампын тус сүлжээн дэх хаягийг сэргээхээр болсноо өнгөрсөн сард мэдэгдсэн байна.