Монгол Улс нийт эрчим хүчнийхээ 20 орчим хувийг ОХУ болон БНХАУ-аас импортолж байна. Сүүлийн арван жилийн хугацаанд Тавдугаар цахилгаан станцыг барих болон Амгалан дулааны станцыг өргөтгөл зэрэг хэд хэдэн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхээр оролдсон ч бүтэлгүйтсэн юм. Түүнчлэн хөрш орнуудаас импортолсон цахилгаан эрчим хүчинд 2022 онд 180 гаруй сая америк долларыг зарцуулсан бөгөөд гадаад валютын нөөц шавхагдах нэгэн шалтгаан болж байна.
Өнгөрсөн долоо хоногт хүйтний эрч чангарсан. Хүйтний эрч чангарахын хэрээр эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж дотоодын дулаан үйлдвэрлэгчид дээд хүчин чадлаараа ажилласан ч нийт хэрэглээний ердөө 80 орчим хувийг л хангаж чадсан байна. Мөн эрчим хүчний салбарт шинэчлэл хийх ёстой нэгэн зүйл нь цахилгаан эрчим хүчний үнийн асуудал юм. Бид дотооддоо 1 квт.ц эрчим хүчийг 224 төгрөгөөр үйлдвэрлэж иргэдэд 140 төгрөгөөр худалдаалдаг. Энэ нь эрчим хүчний салбарын олон жилийн алдагдал хийгээд шинэчлэл хийж чадахгүй байгаа нэгэн шалтгаан юм.
Сүүлийн гурван жилийн хугацаанд манай улсын гадаадаас импортлох цахилгаан эрчим хүчний биет хэмжээ 25 хувиар нэмэгдэж, үнийн дүн 28 хувиар нэмэгдсэн. Ирэх жилүүдэд бид эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болохгүй бол дотоодын эх үүсвэрээ хангаж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна.